Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй
тэмцэх мэдээллийн нэгдсэн систем

Нүб-ын аюулгүйн зөвлөлөөс
гаргасан хориг жагсаалт

Нийтийн Wi-Fi, USB-ийг "ашиглахгүй" байхыг Тагнуулын ерөнхий газраас зөвлөж байна

2020-01-05
  • 1729

Нийтийн Wi-Fi, USB-ийг "ашиглахгүй" байхыг тагнуулын ерөнхий газраас зөвлөж байна.  Тодруулбал, Шинэ он гарч өвлийн аялал жуулчлал нэмэгддэг аж. Иймээс олон нийтийн газарт компьютер, таблет, гар утас болон бусад мэдээлэл дамжуулах хэрэгсэл ашиглахдаа хувийн мэдээллийн аюулгүй байдлаа хангахыг Тагнуулын Ерөнхий газраас анхааруулжээ.

Цэнэглэгч кабель

Нийтийн цэнэглэгч USB кабелийг ашиглах нь зарим үед таныг гэмт хэргийн хохирогч болгох эрсдэлтэй хэмээн кибер аюулгүй байдлын мэргэжилтнүүд анхааруулж байна. Учир нь халдлага үйлдэгчид цэнэглэгч кабельд нэмэлтээр чип суулган олон нийтийн газар ашиглуулахаар орхиж, уг цэнэглэгч кабелийг ашигласан хохирогчийн гар утсан дахь нууц мэдээллийг олзлох, дамнан худалдах, барьцаалах тохиолдол олширч байна.

“Juice jacking" гэж нэрлэгдэх энэ төрлийн халдлага нь ихэвчлэн нисэх онгоцны буудал, төмөр замын өртөө, зочид буудал гэх мэт олон нийтийн газрын цэнэглэх станц болон бусдын цэнэглэгчийг ашиглах үед гарч байгаа бөгөөд хохирогчид нь жуулчид, томилолтоор явж буй албан хаагчид байгаа юм.

USB цэнэглэгчээр дамжих хорт код нь утасны эзэнд мэдэгдэхгүйгээр хувийн нууц мэдээллийг хулгайлахаас гадна дуут болон видео бичлэг хийх, тусгай дугаар руу залгах, текст мессэж илгээх чадвартайгаар зохион бүтээгдсэн байдаг байна.

Зөвлөмж:

  • USB charge-only adapter буюу зөвхөн цэнэглэх зориулалттай адаптер ашиглах;
  • Шууд цахилгаан залгуурт залган цэнэглэх;
  • Машины цэнэглэгч ашиглах;
  • Power bank буюу зөөврийн цэнэглэгч батерей ашиглах;
  • Өөрийн найдвартай цэнэглэгч кабелийг ашиглах

Үнэгүй Wi-Fi бүс

Олон нийтийн үнэгүй Wi-Fi ашиглах нь дэлхий нийттэй холбогдох боломжийг бидэнд олгодог боловч хувийн аккаунтын мэдээлэл задгай, шифрлэгдээгүй сүлжээгээр дамжин мэргэжпийн хакерууд, кибер гэмт хэрэгтнүүдэд нээлттэй боломж олгодог. Энэ төрлийн халдлага үйлдэхэд зориулагдсан олон тооны хэрэгсэл интернэтэд байдгаас гадна хакерууд хуурамч Wi-Fi сүлжээ цацаад холбогдсон хүний мэдээллийг цуглуулах боломжтой байдаг.

Нийтийн Wi-Fi-д холбогдсон үед аюулгүй байдлын үүднээс дараах зүйлст анхаарах нь зүйтэй:

  • Тухайн холболт хяналттай байж болох тул нийтийн Wi-Fi ашиглаж байх үедээ өөрийн хувийн нууц мэдээлэл, имэйл, санхүүгийн систем зэрэгт нэвтрэхээс зайлсхийх;
  • Автомат холболтыг идэвхгүй болгох. Нээлттэй Wi-Fi-д холбогдох эсэхийг асуух тохиргоог идэвхжүүлэх.
  • Зөв, аюулгүй, цоож тэмдэглэгээтэй нууц үг шаардсан сүлжээг сонгох. Кафе, зочид буудал зэргийн сүлжээг нягталж асуух.
  • Яг одоо ашиглахгүй байгаа аппликешнуудыг хаах. Интернэт холболт үүссэн үед ихэнх аппликешнууд мэдээллээ шинэчлэхээр нэвтрэх мэдээллийг дамжуулдаг.
  • VPN /Virtual Private Network/ холболт ашиглах. Нийтийн Wi-Fi сүлжээг ашигладаг нийт хэрэглэгчдийн 25 хувь нь л VPN ашигладаг гэсэн судалгаа байдаг. VPN ашигласнаар таны байршлаас үл хамааран зохих түвшний хамгаалалтаар хангаж өгнө.
  • Хуучирсан үйлдлийн систем халдлагад өртөх өндөр магадлалтай байдаг тул интернэтэд холбогдох боломжтой бүх төхөөрөмжийн үйлдлийн системийг байнга шинэчилж байх зэрэг болно.

А.АНИР