Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй
тэмцэх мэдээллийн нэгдсэн систем

Нүб-ын аюулгүйн зөвлөлөөс
гаргасан хориг жагсаалт

Цахим гэмт хэргийн талаар онцлох баримтууд

2020-02-17
  • 2742

Орчин үеийн техник, технологийн дэвшил хөгжлийн шинэ боломж олгохын зэрэгцээ нийгмийн бусад сөрөг үзэгдлүүдийг ч дагуулсаар байна. Тэдгээрийн нэг нь “цахим” гэмт хэрэг юм. Энэхүү гэмт хэргийн талаар хэд хэдэн тодорхойлолт байдаг боловч /компьютер болон цахим сүлжээ ашиглаж бусдын эд хөрөнгө, алдар нэр, хувийн нууц, аюулгүй байдал, өдөр тутмын хэвийн үйл ажиллагаанд нь хууль бусаар халдаж буй өөр өөр төрлийн гэмт хэргийн нийлбэр/ хэмээн хамгийн энгийнээр тайлбарлаж болно.  

Цахим гэмт хэрэг нь үндэстэн дамнасан, зохион байгуулалттай гэмт хэрэгт тооцогддог бөгөөд дэлхийн эдийн засагт жилд дунджаар 1 их наяд орчим ам.долларын хохирол учруулдаг аж. Уг гэмт хэргийг үйлдэгчдийн тоо жил бүр нэмэгдэж, арга хэлбэр нь илүү боловсронгуй болсоор байна. Иймд цахим гэмт хэрэг гэж юу болох, түүний онцлог шинж чанар, гэмт этгээдүүдийн үйл ажиллагааны талаар ойлголт, мэдээлэлтэй болсноор хохирогч болохоос урьдчилан сэргийлэх боломжтой.

Дэлхийн улс орнуудаас АНУ-д цахим гэмт хэрэг хамгийн ихээр үйлдэгддэг бөгөөд Холбооны мөрдөх товчоо жилд 300 мянга орчим, өдөрт 900 гаруй цахим гэмт хэрэгтэй холбоотой өргөдөл, гомдол хүлээн авдаг байна. Хэдийгээр цахим гэмт хэргийн объект өргөн хүрээг хамардаг ч гэмт этгээдүүд богино хугацаанд өндөр ашиг олох боломжтой хэмээн үзэж хувь хүн болон байгууллагын санхүүгийн үйл ажиллагааг цахим халдлагын бай болгох сонирхолтой байдаг.

Түүнчлэн энэ төрлийн гэмт хэрэгт гол төлөв 50-аас дээш насны иргэд, нягтлан бодох бүртгэл, хууль зүйн товчоо, банк, санхүүгийн байгууллага, эмнэлэг зэрэг тусгайлсан үйлчилгээ үзүүлдэг байгууллага өртдөг байна. АНУ-ын хэмжээнд 2018 онд 110 мянга орчим хүн цахим халдлагад өртөж, 1.1 тэрбум ам.долларын хохирол амссан бөгөөд тусгайлсан үйлчилгээ үзүүлдэг байгууллагууд руу чиглэсэн цахим халдлага нийт халдлагын 22 хувийг, банк, санхүүгийн байгууллагууд руу чиглэсэн халдлага 25 орчим хувийг эзэлжээ.

АНУ-ын хууль сахиулах байгууллагын тайланд бүхий л төрлийн цахим гэмт хэрэг үйлдэгчид жилд 1.5 их наяд ам.долларын хохирол бусдад учруулдаг. Өөрөөр хэлбэл, энэ төрлийн гэмт хэрэг үйлдэгчдийн нийт орлого хамгийн багадаа 1.5 их наяд ам.доллартай тэнцэж байгаа нь ДНБ-ий хэмжээ нь 1.6 их наяд ам.доллар бүхий БНАСАУ-ын нэг жилийн орлоготой дүйцэхүйц байна хэмээн дурджээ. Улмаар цахим гэмт хэргийн хохирол жил бүр 11 орчим хувиар нэмэгдэж, ирэх 5 жилийн хугацаанд 3-5 их наяд ам.долларт хүрч болзошгүй хэмээн салбарын мэргэжилтнүүд тооцоолсон байна.

Үүнээс гадна “Facebook”, “Twitter” зэрэг нийгмийн сүлжээг ашиглан цахим гэмт хэрэг үйлдэгчид жилд 3.25 тэрбум ам.долларын хохирол бусдад учруулдаг бөгөөд хохирогчдын тоо жил бүр нэмэгдсээр байна. Энэ төрлийн гэмт хэргийн дотроос нийгмийн сүлжээ хэрэглэгчдийн нэвтрэх нэр, нууц үг, дансны болон зээлийн картны мэдээлэл зэрэг хувийн мэдээллийг хулгайлах, бусдад зарж борлуулах явдал хамгийн түгээмэл буюу нийт гэмт хэргийн 45-50 хувийг эзэлдэг аж.

Цахим гэмт хэргийн хамгийн түгээмэл хэлбэрүүдэд “фишинг” буюу интернэтээр залилан үйлдэх, “сошиал инженерчлэл” буюу хувь хүний сэтгэл зүйн онцлогийг харгалзан сэдэл /мөнгө хожих, тэтгэлэг авах зэрэг/ өгч, итгэл төрүүлэх замаар мэдээлэл цуглуулах, нууцад нэвтрэх болон компьютерийн сүлжээнд төрөл бүрийн вирус, хортой код тараах зэрэг аргууд багтдаг. Үүнээс гадна цахим шуудан ашигладаг нийт хэрэглэгчдийн хувьд спам халдлага хамгийн эрсдэлтэйд тооцогддог байна.

АНУ-ын “Accenture securtiy” байгууллагын 2019 оны “Кибер гэмт хэргээс учирсан хохирол”-ын талаарх тайланд дурдсанаар “фишинг” болон “сошиал инженеринг” хэлбэрийн халдлагад өртсөн байгууллагын тоо 2018 онтой харьцуулахад 16 хувиар өсч, нийт цахим халдлагад өртсөн байгууллагын 85 хувийг эзэлж байна. Харин хортой код ашиглаж үйлдсэн халдлагын улмаас 2018 онд 2.6 сая ам.долларын хохирол учирсан нь өмнөх оноос 11 хувиар өссөн үзүүлэлттэй байна.

Цахим валют/криптовалют буюу бидний хэлж заншсанаар “Биткоин” хэрэглээнд нэвтэрсэн нь иргэдийн төлбөр тооцоог хөнгөвчилсөн ч нөгөө талаар цахим болон бусад гэмт хэргийн гаралтад нөлөөлөх хүчин зүйл болж байна. Гэмт этгээдүүд интернэт орчин дахь цахим мөнгө-санхүүгийн залилан төдийгүй хүний болон эд эрхтний наймаа, хар тамхи, галт зэвсгийн худалдаа, насанд хүрээгүй хүүхдийг садар самуунд уруу татах зэрэг хууль бус үйлдэлдээ биткоин ашиглахыг илүүд үзэж байна. Австралийн их сургуулийн судалгаагаар, биткоин нь цахим гэмт хэрэгтнүүдийн төлбөрийн хамгийн таатай хэрэгсэл бөгөөд жилд 76 орчим тэрбум ам.долларын биткоин гүйлгээ хийгдэж байгаа нь АНУ, Европын Холбооны орнууд дахь хар тамхи, мансууруулах бодисын хууль бус худалдаанаас олох ашиг орлоготой тэнцэж байна хэмээн дүгнэжээ. АНУ-ын цахим аюулгүй байдлыг хангах байгууллага 2021 он гэхэд криптовалют ашиглан үйлдэгдэх цахим гэмт хэргийн тоо мэдэгдэхүйц хэмжээгээр өсөх бөгөөд нийт криптовалютын гүйлгээний 70 орчим хувь нь гэмт хэрэгтэй холбоотой байна хэмээн тооцоолжээ.  

Иймээс улс орнууд цахим гэмт хэрэгтэй тэмцэхэд анхаарал хандуулах зайлшгүй шаардлагатай байгаа бөгөөд АНУ-ын хууль сахиулах байгууллагын ажилтнууд болон шинжээчид цахим аюулгүй байдлыг хангах, цахим гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд 17.4 тэрбум ам.доллар шаардлагатай хэмээн үзсэн байна. Мөн олон улсын цахим аюулгүй байдлын зах зээлийн судалгаагаар, 2017-2021 онд цахим аюулгүй байдлыг хангахад чиглэсэн бүтээгдэхүүн, үйлчилгээнд зарцуулагдах нийт хөрөнгө 1 их наяд ам.доллараас давах бөгөөд цахим аюулгүй байдлын мэдлэг олгох сургалтын зардал л гэхэд 2027 онд 10 тэрбум ам.долларт хүрнэ гэж тооцжээ.

Манай улсын хувьд цаг тутамд өсөн нэмэгдэж буй компьютер, ухаалаг утасны хэрэглээг дагаад цахим гэмт хэргийн тоо жил бүр нэмэгдэж, 2016 онд 97, 2017 онд 195, 2018 онд 659, 2019 оны 5 сарын байдлаар 384 буюу нийт 1,335 цахим гэмт хэрэг бүртгэгджээ. Эдгээрээс дийлэнх нь эмэгтэйчүүд болон насанд хүрээгүй хүүхдүүд байдаг бөгөөд энэ нь цахим гэмт хэрэг, түүнээс урьдчилан сэргийлэх арга хэлбэрийн талаар мэдлэг дутмаг, бага насны хүүхдэд тавих хараа хяналт сул зэргээс үүдэлтэй юм. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26 дугаар бүлэгт “Цахим мэдээлэлд хууль бусаар халдсан, цахим мэдээллийн сүлжээнд хууль бусаар халдах программ, техник хэрэгсэл бэлтгэсэн, борлуулсан, хор хөнөөлт программ хангамж бүтээсэн, ашигласан, тараасан тохиолдолд 2,700-40,000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл 1 жилээс 5 жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл 6 сараас 12 жилийн хугацаагаар хорих ял шийтгэнэ.”  хэмээн цахим гэмт хэрэгт хүлээлгэх хариуцлагыг хуульчилсан байдаг.

 

Эх сурвалж: Тагнуулын ерөнхий газар