Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй
тэмцэх мэдээллийн нэгдсэн систем

Нүб-ын аюулгүйн зөвлөлөөс
гаргасан хориг жагсаалт

МӨНГӨ УГААХ ГЭМТ ХЭРЭГТЭЙ ТЭМЦЭХЭД БАНК, САНХҮҮГИЙН БАЙГУУЛЛАГЫН ОРОЛЦОО, ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДАЛ

2020-04-06
  • 3698

PARTICIPATION AND CHALLENGES OF BANK AND FINANCIAL INSTITUTIONS  IN COUNTER MONEY LAUNDERING

 

Товч агуулга: Банк, санхүүгийн байгууллагын мөнгө угаах гэмт хэргийн эсрэг хяналтын тогтолцооны өнөөгийн байдал тэр дундаа харилцагч таньж мэдэх ажиллагаа, гүйлгээний хяналт хийхэд тулгарч буй хүндрэл бэрхшээл, тэдгээрийг шийдвэрлэх арга замыг тодорхойлох зорилгоор энэхүү судалгааг хийлээ.

Түлхүүр үг: Үндэстэн дамнасан зохион байгуулалттай гэмт хэрэг, мөнгө угаах, гэмт хэргийн үр дагавар, гүйлгээний хяналтын програм, бизнес харилцаа зогсоох, эдийн засгийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх,

AbstractThis research was carried out to identify the difficulties in transaction monitoring in anti-money laundering monitoring framework currently in the banking organization, particularly in the customer due diligence process and finding ways to address the issues.

Key words: Multi-national organized crime, money laundering, consequences of crime, transaction monitoring software, termination of business relations, prevention from financial/economic crimes

Онолын хэсэг

Орчин үед дэлхийн улс орнуудын анхаарлыг хамгийн их татаж буй асуудлуудын нэг нь үндэстэн дамнасан зохион байгуулалттай гэмт хэрэг болоод байна. Үндэстэн дамнасан зохион байгуулалттай гэмт хэрэг нь материал санхүүгийн суурь баазтай, гэмт байгуулагын уян хатан хөдөлгөөнт бүтэцтэй, хоёр ба түүнээс олон улсын нутаг дэвсгэрт үйлдэгдсэн, эсвэл түүнийг бэлтгэх, төлөвлөх, хяналт тавих ажиллагаа өөр улсын нутаг дэвсгэрт явагдсан, түүний бодит хор уршиг өөр улсын нутаг дэвсгэрт илэрсэн, төрийн байгууллагатай авилгалын холбоо сүлбээ тогтоосон зэрэг шинжтэй байдаг.

Зохион байгуулалттай гэмт бүлэглэлүүд нь их хэмжээний хөрөнгө, мөнгө эзэмшин олон улсын хүрээнд үйл ажиллагаа явуулж, хууль бусаар асар их мөнгө олж, түүний эх үүсвэрийг нь нуун дарагдуулах, хууль ёсны мөнгө болгож хувиргахын тулд мөнгө угаах гэмт хэргийг хавсран үйлдэж байна. 

Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх гэмт хэрэг нь Монгол Улсын санхүүгийн системийн тогтвортой, найдвартай байдалд аюул, заналхийлэл учруулах бөгөөд гэмт этгээд, гэмт бүлэг, бүлэглэлүүд гэмт хэргээс олсон орлого, хөрөнгөөр дамжуулан санхүүгийн системд өөрийн нөлөөг тогтоох, гэмт үйл ажиллагаагаа өргөжүүлэхэд чиглэсэн нийгэм, эдийн засагт хор уршигтай үйл ажиллагаа юм. Мөнгө угаах гэмт хэрэгт хамгийн ихээр өртөж болох салбараар Монгол Улсын хэмжээнд санхүүгийн салбарын дийлэнх их хувийг эзэлж байгаа банкны салбар зүй ёсоор багтаж байгаа бөгөөд үл хөдлөх хөрөнгийн салбар хоёрдугаарт орох үнэлгээ гарсан байна. Түүнчлэн, банк, банк бус санхүүгийн байгууллага хувь нийлүүлэх үйл явцад тодорхой эрсдэл байна. Санхүүгийн салбарын үйлчилгээ, бүтээгдэхүүний төрлүүдээс хамгийн эрсдэлтэй нь мөнгөн гуйвуулга, шилжүүлэг байна.

Гадаад орчноос үүсэлтэй мөнгө угаах эрсдэл Монгол Улс бусад оронтой харьцуулахад харьцангуй бага боловч сүүлийн жилүүдэд бий болсон эдийн засгийн орчин нөхцөл, газар зүйн байршлаас шалтгаалж худалдааны гол түнш улсууд болох БНХАУ, ОХУ, БНСУ-аас үүсэлтэй дээрх эрсдэл нэмэгдэх хандлагатай байгаа нь тогтоогдлоо. 

Иймд мөнгө угаах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг үр дүнтэй авч хэрэгжүүлэхэд үндэсний хууль тогтоомж болон олон улсын стандартуудыг банк, санхүүгийн байгууллагууд нэг мөр, зэрэг хэрэгжүүлж хяналтын тогтолцоог бий болгох нь чухал юм.

Мөнгө угаагчид мөнгө хөрөнгө угаах шинэ арга замыг байнга эрэлхийлж байдаг. Хөгжиж буй санхүүгийн төвтэй боловч хяналт хангалтгүй буюу сул эдийн засаг үүнд өгөөш болох нь элбэг. Учир нь тогтворжсон санхүүгийн төв бүхий улс орнууд мөнгө угаах үйл ажиллагаатай тэмцэх өргөн хүрээний хөтөлбөр хэрэгжүүлдэг. Мөнгө угаахтай тэмцэх үндэсний тогтолцоон дахь ялгааг мөнгө угаагчид овжноор ашиглаж, сүлжээгээ сөрөг арга хэмжээ нь сул эсвэл үр дүн багатай улс орон болон санхүүгийн тогтолцоо руу шилжүүлэх хандлагатай байдаг.

Хэрэв тухайн улс орны талаар зохион байгуулалттай гэмт хэргийн нөлөө, хяналтанд орсон гэсэн ойлголт нэгэнт бий болсон бол энэ нь тухайн улс оронд орж ирэх гадаадын шууд хөрөнгө оруулалтыг зогсонги байдалд оруулах нөлөөтэй. Тиймээс мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх нь бизнесийн таатай орчин бүрдүүлэх ажлын нэг хэсэг бөгөөд энэ нь урт хугацааны эдийн засгийн хөгжилд хүрэх угтвар нөхцөл байдаг. Монгол Улсын хувьд ч уг асуудалд анхаарлаа хандуулах хэрэгтэй байна.

Хэрэв тухай бүрт нь шалгаж үр дүнтэй арга хэмжээ авахгүй бол мөнгө угаах үйл ажиллагааны нийгмийн болон улс төр, эдийн засгийн хохирол, эрсдэл ноцтой хэмжээнд хүрч болно. Зохион байгуулалттай гэмт хэрэг санхүүгийн байгууллагуудыг идэж, хөрөнгө оруулалтаар дамжуулан эдийн засгийн томоохон салбарыг хяналтандаа авах буюу эсвэл төрийн томоохон албан тушаалтнуудаар дамжуулан үнэн хэрэгтээ засгийн газрыг хээл хахуульд автуулах боломжтой.

Зохион байгуулалттай гэмт хэргийн эдийн засгийн болон улс төрийн нөлөө нь нийгмийн бүтэц, нийтийн ёс зүйн стандарт, цаашлаад нийгмийн ардчилсан ёсыг сулруулдаг. Ардчилсан тогтолцоонд шилжиж буй улс оронд гэмт хэргийн энэхүү нөлөөгөөр уг шилжилтийн үйл явц зогсонги байдалд орж болно. Хамгийн гол нь мөнгө угаах явдал нь уг мөнгөн хөрөнгийг төвлөрүүлсэн суурь гэмт хэргийн үйл ажиллагаатайгаа нягт холбоотой ба энэ нь өөрөө гэмт хэргийн үйл ажиллагааг үргэлжлүүлэх боломжийг бий болгож байдгаараа онцлог юм.

Мөнгө угаах гэмт хэрэг тухайн орны эдийн засагт нөхөж болшгүй гарз хохирол учруулж, улс төрийн тогтворгүй байдлыг үүсгэн, зохиомол хямрал үймээн самуун үүсгэж болно. Гэмт хэрэгтнүүд төр засгийн хэрэгт хошуу дүрснээс нийгмийн ёс суртахуун доройтож, ёс бус явдал газар авч, нийгмийн ардчиллыг мохооход хүргэнэ. Ардчилсан нийгмийг байгуулж байгаа улс орны хувьд гэмт хэрэгтнүүд шилжилтийг сааруулж, улс орны хөгжлийг доройтуулна.

Мөнгө угаах нь нийгэм, эдийн засгийн ихээхэн сөрөг үр дагавартай, санхүүгийн тогтолцооны тогтвортой байдлыг алдагдуулж, олон улсын тавцанд дотоодын банк, санхүүгийн байгууллагуудын нэр хүнд унах, банк, санхүүгийн байгууллагаар дамжин хийгдэж байгаа гадаад гүйлгээг саатуулан шалгах, тэдгээртэй харилцахаас татгалзах, бэлэн мөнгөний хомсдолыг үүсгэж, валютын ханшны огцом өрчлөлтийг бий болгох, авлига, хээл хахуулийг гааруулах, шударга өрсөлдөөнийг үгүй хийх, монополь байдал бий болгох зэрэг олон сөрөг үр дагавартай. Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тогтолцоо дутуу хөгжсөн орнуудыг мөнгө угаагчид ашиглах эрсдэл өндөр юм. Мөнгө угаах бизнес нь хар тамхины наймаа, хүн худалдаалах гэмт хэрэг, хүний эд эрхтэний наймаа зэрэг зохион байгуулалттай гэмт хэргийг санхүүжүүлж, үйл ажиллагааг нь өргөжүүлэхэд нөлөөлдөг.

 

Мөнгө угаахтай тэмцэхэд банк, санхүүгийн байгууллагын оролцоо

Монгол Улсад  одоогоор арилжааны банкуудын актив 2018 оны 2-р улирлын байдлаар 29.5 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 38 хувь өссөн. Өнөөдөр 14 банк үйл ажиллагаа явуулж байгаа ба төрийн өмчийн нэг банк (Тө­рийн банк) байгаа бөгөөд бусад 13 банкны хувьд гадаад дотоодын аж ахуйн нэгж, байгууллага, хувь хүмүү­сийн эзэмшилд үйл ажил­лагаа­гаа явуулж байгаа юм. 

Банкны салбарын активийн бүтцийг авч үзвэл Хаан банк 27.4 хувь, Голомт банк 18.2 хувь, ХХБ 24.3 хувь, Хас банк 10.1 хувь, Төрийн банк 8.4 хувь, Улаанбаатар хотын банк 5 хувь, бусад банк 6.5 хувийг тус тус эзэлж байна.

Сүүлийн жилүүдийн байдлаар манай улсын банкны салбарын зээл олголт өсч, чанаргүй зээлийн эзлэх жин буурч байгаа ч эдийн засгийн гадаад, дотоод орчны өөрчлөлт болон банкны дотоод үйл ажиллагааны удирдлага, зээлийн бодлого алдагдснаас шалтгаалан Анод, Зоос, Монгол шуудан банк, Хадгаламж банк бусад банктай нэгдэх, дампуурах үйл явцууд явагдсан.

Банк нь мөнгө угаах хамгийн багтаамж ихтэй, өртөмтгий салбарт тооцогддог ба шууд болон шууд бус байдлаар мөнгө угаах гэмт хэрэгт өртөх эсрдэлтэй салбар бөгөөд Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хууль, зохицуулагч байгууллагын журамд заасны дагуу мөнгө угаахын эсрэг дотоод хяналтын тогтолцоог бүрдүүлснээр дээрх эрсдэлийг хаах юм.

Мэдээлэх үүрэгтэй этгээд нь “Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хууль”-д заасны дагуу д    араах төрлийн гүйлгээнд тусгайлан хяналт тавьж харилцагчаас нэмэлт мэдээлэл, тайлбар гаргуулах, гүйлгээ, бизнесийн харилцааны зорилго, мөн чанарыг боломжийн хүрээнд шалгаж, үр дүнг бичгээр хадгалах үүрэг хүлээдэг. Үүнд:

  1. Огцом өөрчлөгдсөн их дүнтэй гүйлгээ

/Сард нийт дүнгээр 3 сая төгрөгийн дундаж гүйлгээ хийдэг байсан харилцагч гэнэт 30 сая төгрөгийн гүйлгээ хийх г.м /

  1. Эдийн засаг, хууль зүйн илт үндэслэлгүй гүйлгээ гүйлгээ

 /Сард 1 сая төгрөгийн дундаж цалинтай төрийн албан хаагч өндөр дүнгээр тогтмол гадаад гүйлгээ хийх г.м/

  1. Улс төрд нөлөө бүхий этгээдийн нэр дээр хийсэн гүйлгээ
  2. Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэх хяналтын тогтолцоо нь хангалтгүй гэж тодорхойлогдсон улс орноор дамжуулан хийгдсэн гүйлгээ

Мэдээлэх үүрэгтэй этгээд нь хуулиар хүлээсэн дээрх үүргийг хэрэгжүүлэхэд гар аргаар хяналт хийх боломжгүй ба харилцагчийн эрсдэлийг үнэлэх, гүйлгээний хяналт хийхэд тусгай автоматжуулсан програмыг ашиглах шаардлагатай.

Програмыг үр дүнтэй ашиглахын тулд харилцагч таньж мэдэх ажиллагааг бүрэн хийж харилцагчийн эрсдэлийг үнэлэн /бага, дунд, өндөр г.м/ судалгаа хийж харилцагчийг бизнесийн чиглэл, гүйлгээний онцлогоор нь төрөлжүүлэн тохирсон хяналтын дүрмүүдийг боловсруулах шаардлагатай.

Гүйлгээний хяналтын програмд дагалдаж ирсэн дүрмээс гадна банкууд өөрсдөө судалгаа хийж сэжигтэй гүйлгээ илрүүлэх дүрэм боловсруулдаг ба эдгээр дүрмүүдийг оновчтой зохиогоогүйгээс шаардлагагүй дохио илрэх тохиолдол их гардаг.

Монгол Улсын хүн амын амжиргааны түвшин, бизнесийн салбарын үйл ажиллагааны онцлог, банкны бүтээгдэхүүн үйлчилгээний сул талыг ашиглаж гэмт хэрэг үйлдэж олсон мөнгөө хэрхэн банканд байршуулж, нуун далдалж байгаа арга, техникийг судалж Хууль сахиулах байгууллага, Монголбанкны дэргэдэх Санхүүгийн мэдээллийн алба, Монголын банкны холбоо зэрэг байгууллагууд хамтран ажлын хэсэг байгуулж судалгаа шинжилгээ хийсний үндсэн дээр оновчтой дүрмүүдийг шинээр боловсруулж нууцлалын зэрэглэлтэй эрх зүйн акт болгон бүх арилжааны банкууд дагаж мөрдөх шаардлагатай гэж үзэж байна.

Мэдээлэх үүрэгтэй этгээд нь өндөр эрсдэлтэй харилцагчийг таньж мэдэх нарийвчилсан үйл ажиллагааг хийхдээ тухайн харилцагчаас эрхэлж буй ажил, бизнесийн болон хөрөнгийн эх үүсвэр, гүйлгээний зориулалт, утга зэрэгтэй холбоотой нэмэлт мэдээллийг гаргуулж авах, боломжийн хэмжээнд эдгээр мэдээллийн үнэн бодит байдлыг нягтлахаар заасан.

Хэрвээ харилцагч таньж мэдэх болон эцсийн өмчлөгчийг тогтоохтой холбоотой мэдээллийг харилцагч гаргаж өгөхөөс татгалзсан тохиолдолд бизнесийн харилцаа үүсгэх, гүйлгээ хийхээс татгалзах, өмнө үүсгэсэн бизнес харилцааг зогсоох арга хэмжээ авах талаар зохицуулсан.

Харилцагч нар банканд дээрх мэдээллийг өгөх хууль, эрх зүйн зохицуулалтыг ойлгохгүй эсхүл мэдээлэл өгөхөөс татгалзах тохиолдол их гардаг боловч журамд заасны дагуу бизнес харилцааг зогсоох буюу дансыг нь хаах арга хэмжээ авдаггүй.

Иймд банкууд тус зохицуулалтыг нэг мөр хэрэгжүүлэх, зохицуулагч байгууллагын зүгээс харилцагч нарт хууль, журмыг сурталчлах ажлыг үр дүнтэй хэрэгжүүлэх нь зүйтэй гэж үзэж байна.

 

Дүгнэлт

Үндэстэн дамнасан зохион байгуулалттай гэмт хэрэг тэр дундаа мөнгө угаах гэмт хэргийг илрүүлэхэд дүн шинжилгээ хийгдсэн үнэ цэнтэй мэдээлэл хэрэгтэй. Банкны системээр хийгдэж буй олон сая удаагийн гүйлгээнээс эдийн засаг, хууль зүйн үндэслэлгүй, хууль бус, бохир мөнгөний гүйлгээг илрүүлэх гүйлгээний хяналтын тогтолцоог бий болгох нь чухал ач холбогдолтой юм.

Сэжигтэй гүйлгээг илрүүлэхэд харилцагчийг таньж мэдэх ажиллагааг бүрэн хийж харилцагчийн талаар хуульд заасан бүхий л мэдээллийг авснаар харилцагчийн гүйлгээнд зөв, оновчтой дүн шинжилгээ хийх боломж бүрдэнэ.

Мөнгө угаах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор мэдээлэх үүрэгтэй этгээд нь хууль, журамд заасан мэдээллийг харилцагчаас авах тухай зохицуулалтыг Төрийн байгууллагын зүгээс олон нийтэд сурталчилж, ойлголт өгөх ажлыг зохион байгуулах нь зүйтэй гэж үзэж байна.

 

Б.Болд-Эрдэнэ

Үндэсний аюулгүй байдал судлалын магистр

Mr. Bold-Erdene.B

Master of National Security Studies