Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй
тэмцэх мэдээллийн нэгдсэн систем

Нүб-ын аюулгүйн зөвлөлөөс
гаргасан хориг жагсаалт

Африкийн хамгийн баян эмэгтэй улсынхаа төсвийн хөрөнгөөр тэрбумтан болсныг сэтгүүлчид илчилжээ

2021-10-21
  • 1096

Нью Йорк хотод төвтэй Олон Улсын Эрэн Сурвалжлах Сэтгүүлчдийн Консорциум (ICIJ) байгууллага 2016 онд Германы “Suddeutsche Zeitung” сонинтой хамтран “Panama Papers” хэмээх офшор дансны баримтуудыг ил гаргаж байсан билээ.

Тэгвэл тус байгууллага өчигдөр Африкийн хамгийн баян эмэгтэй гэгддэг эрхэм хэрхэн баяжсан тухай нууц баримтуудыг дэлхий дахинд ил болгожээ.

“Luanda Leak” гэгдэж байгаа 715,000 орчим бичиг баримтуудад Анголын ерөнхийлөгч асан Жосе Эдуардо душ Сантушийн охин Изабел душ Сантушийн хууль бус хөрөнгийн талаар мэдээлсэн байна.

Өнгөрсөн сард Ангол улсын прокурорууд 46 настай Изабелийн банкны данснууд, эд хөрөнгийг битүүмжилсэн юм. Ерөнхийлөгчийн охин одоо $2.2 тэрбумын хөрөнгөтэй гэгддэг ба энэ хөрөнгөө Анголын үндэсний газрын тосны компани Сонанголыг удирдаж байхдаа бий болгожээ.

2017 онд Анголын ерөнхийлөгчөөр сонгогдсон Жоа Лоренсо түүнийг Сонанголын албан тушаалаас нь зайлуулсан юм. Ерөнхийлөгч Жоа Лоренсо нь Ангол улсыг бараг 40 жил удирдсан Жосе душ Сантушийг залгамжилсан бөгөөд түүний гэр бүлийнхний нөлөөнөөс эдийн засгаа тусгаарлахын төлөө идэвхтэй тэмцэж байгаа.

Изабел душ Сантушийн хууль бусаар олж авсан мөнгийг гадаадад байршуулж, угаахад PwC, Boston Consulting Group зэрэг өрнөдийн компаниуд тусалж байсныг баримт бичгүүд ил болгожээ.

Саяхан 2022 онд ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээ зарлаад байгаа Изабел өөрийнх нь хууль бус хөрөнгийн талаар илчилсэн явдлыг дайснуудынх нь улс төрийн өшөө авалт гэж мэдэгдээд байна.

 

Эх сурвалж: AFP