МОНГОЛ УЛС САНХҮҮГИЙН ХОРИГ АРГА ХЭМЖЭЭ АВАХ БАЙГУУЛЛАГА (ФАТФ)-ЫН 40 ЗӨВЛӨМЖИЙГ БҮРЭН ХАНГАСАН ОРОН БОЛЛОО
- 407
Ази, Номхон далайн мөнгө угаахтай тэмцэх бүлгээс 25 дахь удаагийн жилийн уулзалтыг Канад Улсын Ванкувер хотноо 2023 оны 7 дугаар сарын 09-ний өдрөөс 14-ний өдрүүдэд зохион байгууллаа.
Энэ удаагийн жилийн уулзалтын голлох асуудал бол Санхүүгийн хориг арга хэмжээ авах байгууллага (ФАТФ)-ын техник хэрэгжилтийн 40 Зөвлөмжийн шаардлагын дагуу Монгол Улсын 5 дахь удаагийн явцын тайланг хэлэлцэж, батлах байв. Энэ хүрээнд Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2022 оны A/379 дүгээр тушаалаар Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх Үндэсний зөвлөл, Хамтын ажиллагааны зөвлөлийн гишүүн байгууллагуудын төлөөллөөс бүрдсэн ажлын хэсэг байгуулагдаж ажилласан. Улмаар ажлын хэсгээс Монгол улсын Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх талаарх ерөнхий тайлан болон ашгийн бус байгууллагатай холбоотой ФАТФ-ын Зөвлөмж 8-ын явцын тайланг боловсруулан хэлэлцүүлж үнэлгээгээ ахиулан амжилттай хамгаалан батлууллаа.
Монгол Улсын хувьд ФАТФ-ын техник хэрэгжилтийн 40 Зөвлөмжийг бүрэн биелүүлсэн үнэлгээтэй Ази, Номхон далайн орнуудаас анхны орон (Зөвлөмж 15-ыг шинэчилсэн үнэлгээгээр), дэлхийн улсуудаас 5 дахь орон боллоо. Энэ нь мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх, үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэхийг санхүүжүүлэхтэй тэмцэх олон улсын стандарт болох ФАТФ-аас гаргасан 40 Зөвлөмжийн хэрэгжилтийг хангахад шаардлагатай Монгол Улсын эрх зүйн орчныг бий болгон холбогдох шаардлагыг хууль тогтоомжид тусгаж, зохицуулалтыг боловсронгуй болгосныг олон улсаас баталгаажуулж буй явдал юм.
Түүнчлэн, Ази, Номхон далайн мөнгө угаахтай тэмцэх бүлгийн 25 дахь удаагийн жилийн уулзалтын үеэр олон улсын донор байгууллагуудын Монгол Улсад мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх чиглэлээр үзүүлж байгаа техник туслалцааны талаар ганцаарчилсан уулзалтыг хийлээ. Тус уулзалтаар олон улсын донор байгууллагууд Монгол Улсын гаргасан ахиц дэвшлийг өндрөөр үнэлж, цаашид үргэлжлүүлэн техник туслалцаа үзүүлэх боломжтой талаар хэлэлцэв.
Ази, Номхон далайн мөнгө угаахтай тэмцэх бүлгийн жилийн уулзалтад Монгол Улсын Явцын тайланг хэлэлцүүлж хамгаалах багийг Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Солонгоо ахалж, Монголбанк, Санхүүгийн мэдээллийн алба, Санхүүгийн зохицуулах хороо, Улсын ерөнхий прокурорын газар, Тагнуулын Ерөнхий газар, Татварын ерөнхий газрын төлөөллүүд оролцов.
Жилийн уулзалтын хүрээнд Ази, Номхон далайн мөнгө угаахтай тэмцэх бүлгийн гишүүн болон бусад ажиглагч улс орнуудтай мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх болон үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэхийг санхүүжүүлэхтэй тэмцэх чиглэлээр мэдээлэл солилцоог сайжруулах, гадаад хамтын ажиллагааг нэмэгдүүлэх, улс орнуудын сайн туршлагыг судлах ач холбогдолтой юм.
Канад Улсад зохион байгуулагдсан Ази, Номхон далайн мөнгө угаахтай тэмцэх бүлгийн жилийн уулзалтын үеэр Монголбанкны дэргэдэх Санхүүгийн мэдээллийн албанаас Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засаг захиргааны онцгой бүс Макаогийн Санхүүгийн мэдээллийн албатай Харилцан ойлголцлын санамж бичиг байгуулж, мэдээлэл солилцон хамтран ажиллахаар тохиролцлоо.
Түүнчлэн, Монголбанкны дэргэдэх Санхүүгийн мэдээллийн албаны төлөөлөл Ази, Номхон далайн мөнгө угаахтай тэмцэх бүлгээс Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсад хийсэн харилцан үнэлгээний багт орж ажиллан, ФАТФ-ын 40 Зөвлөмжийн биелэлтийг үнэлсэн. Энэ жилийн уулзалтаар тус харилцан үнэлгээний тайланг Ази, Номхон далайн мөнгө угаахтай тэмцэх бүлгийн гишүүн улс орнууд хэлэлцэн баталлаа.
Монгол Улсын мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх болон үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэхтэй тэмцэх тогтолцоог бэхжүүлэх, ФАТФ-ын 40 Зөвлөмжийн үнэлгээг сайжруулж, бүх зөвлөмжийн хүрээнд хангалттай техник хэрэгжилтийн үнэлгээтэй болгох чиглэлээр хичээнгүйлэн хамтран ажилласан Хууль зүй, дотоод хэргийн яам, Монголбанк, Санхүүгийн мэдээллийн алба, Санхүүгийн зохицуулах хороо, Улсын ерөнхий прокурорын газар, Тагнуулын Ерөнхий газар, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Татварын ерөнхий газрын төлөөллүүдэд талархал илэрхийлж байна.