Б.БАТБААТАР: МӨНГӨ УГААХТАЙ ТЭМЦЭХ БАЗЕЛИЙН ИНДЕКСИЙН ҮНЭЛГЭЭ ГАРЛАА
- 276
- Базелийн индекс гэж юу болох талаар та манай уншигчдад тайлбарлаж өгөхгүй юу?
- Мөнгө угаахтай тэмцэх Базелийн Индекс нь улс орнуудын мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэх эрсдэлийг үнэлж, зэрэглэлийг тогтоодог Базелийн засаглалын хүрээлэнгээс гаргадаг тоон үзүүлэлт юм. Базелийн засаглалын хүрээлэн нь дэлхий дахинд засаглалыг бэхжүүлэх, авлигатай тэмцэх чиглэлээр олон улсад үйл ажиллагаа явуулдаг бие даасан судалгааны хүрээлэн юм. Өөрөөр хэлбэл тухайн улсын мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх эрсдэл, түүнтэй тэмцэх чадавхыг тооцож гаргадаг гэсэн үг. Уг индексийг 2012 оноос хойш тооцож эхэлсэн бөгөөд Санхүүгийн хориг арга хэмжээ авах байгууллага (ФАТФ), Дэлхийн Банк, Дэлхийн Эдийн Засгийн Форум зэрэг байгууллагуудын олон нийтэд нээлттэй эх сурвалжийн мэдээлэлд үндэслэн эрсдэлийн цогц үнэлгээг гаргадаг.
- Нээлттэй эх сурвалжийн мэдээлэлд үндэслэн тооцдог гэхээр яг яаж тооцдог гэсэн үг вэ?
- Базелийн засаглалын хүрээлэн өөрийн цахим хуудсандаа[1] энэхүү үнэлгээний аргачлал, ашигласан мэдээллийн эх үүсвэр зэргийг ил тод мэдээлсэн байдаг. Ерөнхийдөө индексийг тооцохдоо таван үндсэн хүчин зүйлийг авч үздэг. Үүнд тухайн улсын мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тогтолцооны чанар, авлига, хээл хахууль, санхүүгийн ил тод байдал, мэдээллийн ил тод байдал зэргийг багтаадаг. Базелийн засаглалын хүрээлэн нь хараат бусаар үйл ажиллагаагаа явуулдаг тул дээр дурдсан олон улсын байгууллагуудын мэдээллийг ашиглан өөрийн аргачлалын дагуу бие даан хараат бусаар үнэлгээгээ хийдэг гэж ойлгож болно.
- Базелийн индексийг тооцох нь ямар ач холбогдолтой вэ?
- Базелийн индексийг тооцдог гол зорилго бол улс орнууд мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх чиглэлд хэр бодитой ажиллаж байгаад үнэлэлт дүгнэлт өгч, түүний дагуу шаардлагатай арга хэмжээг тухай бүр авч хэрэгжүүлэхэд анхаарал хандуулах явдал байдаг. Учир нь энэ төрлийн гэмт хэрэг дэлгэрснээр улс орны хөгжилд шаардлагатай хөрөнгө санхүүг үгүй хийж, далд эдийн засгийг бий болгож цаашлаад иргэдийн амьдралд ч сөрөг нөлөө үзүүлдэг. Нөгөө талаар энэ төрлийн гэмт хэрэг зөвхөн нэг улсын дотоод асуудал бус ихэвчлэн үндэстэн дамнасан хэлбэртэй байдаг тул олон улсад зайлшгүй анхаарал хандуулах шаардлагатай.
- Энэ жилийн тайланд Монгол улсын үнэлгээ ямар гарсан бэ?
- Базелийн индексийн үнэлгээ нь өөрөө онцлогтой. Үнэлгээ буурах тусам сайн гэж үздэг. Өөрөөр хэлбэл байр ухрах тусам эрсдэл багатай гэж үнэлэгддэг онцлогтой гэдгийг хэлмээр байна. Энэхүү индексээр нийт 150 гаруй улсын үнэлгээ гардаг бөгөөд мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тогтолцоо хангалтгүй, хамгийн өндөр эрсдэлтэй улс орнуудаас эхлэн жагсаадаг. Өнгөрсөн жил Монгол улсын үнэлгээ 5.86 байсан бол энэ жил 5 гэсэн үнэлгээ авсан. Энэ нь манай улс нийт 47 байраар сайжирч 83-т жагсан эрсдэлийн үнэлгээнд ахиц гарсныг харуулж байгаа юм.
- Монгол Улсын эрсдэлийн үнэлгээ сайжрахад голлон юу нөлөөлсөн гэж та харж байна вэ?
- Базелийн засаглалын хүрээлэнгийн үнэлгээний аргачлалд Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тогтолцооны үнэлгээ нь хамгийн өндөр буюу 65 хувийг эзэлдэг. Мөн энэ 65 хувьд ФАТФ-ын Харилцан үнэлгээний тайлан 35 хувийн нөлөөтэй байдаг. Монгол Улс энэ оны долоодугаар сард ФАТФ-ын техник хэрэгжилтийн 40 зөвлөмжийг бүрэн хангасан Ази тивийн анхны улс, дэлхийн хэмжээнд 5 дахь улс болсон. Энэ бол Монгол Улсын хувьд том амжилт юм. Сүүлийн жилүүдэд мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх чиглэлээр дотоодын хууль эрх зүйн орчныг олон улсын гэрээ, конвенц, стандартад нийцүүлэх, олон улсын хамтын ажиллагааг сайжруулах чиглэлээр бид бүх шатандаа анхаарч ажилласан. Түүнчлэн төр, хувийн хэвшлийн байгууллагууд болон олон нийтийн мөнгө, угаах терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх ойлголтыг нэмэгдүүлэх, урьдчилан сэргийлэх чиглэлээр зохих арга хэмжээг авч хэрэгжүүлсэн зэрэг нь энэхүү үр дүнд хүрэхэд нөлөөлсөн гэж харж байна.
График 1. Мөнгө угаахтай тэмцэх Базелийн Индексийн Монгол улсын үнэлгээ
- Энэ жилийн Базелийн үнэлгээний олон улсын тайлангийн онцлог юу байсан бэ?
- Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх эрсдэлийн дэлхийн дундаж үнэлгээ өнгөрсөн оноос өссөн дүнтэй гарсан. Үүнд мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх системийн үр нөлөөтэй байдал буурсантай холбоотой гэж тайлбарлаж байна. Дэлхий дахинаа байгалийн гамшиг, хоол хүнсний хомсдол болон уур амьсгалын өөрчлөлтийн үр нөлөөг бууруулахад чиглэсэн хөрөнгө санхүүжилт дутмаг байгаа энэ цаг үетэй зэрэгцэн олон их наяд ам.долларын хөрөнгө авлига, зохион байгуулалттай гэмт хэрэг санхүүжүүлэхэд зарцуулагдсаар байна. Харин нөгөө талаас энэ төрлийн санхүүжилтийн нэг хувийг ч дэлхийн улс орнууд эргүүлэн олж авч чадахгүй байгааг энэ оны Мөнгө угаахтай тэмцэх Базелийн Индексийн тайланд онцолсон байсан. Иймээс мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх нь дэлхий дахинд тулгамдаж буй томоохон асуудлын нэг яах аргагүй мөн юм. Монгол улс ч мөн энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх олон улсын гэрээ конвенцод нэгдэн орсон тул урьдчилан сэргийлэх болон үүнтэй тэмцэх үйл ажиллагаанд хувь нэмрээ оруулсаар байгаа. Монгол улсын хувьд Авлигатай тэмцэх газар (АТГ)-ын зүгээс хөрөнгө буцаахтай холбоотой ажлууд хийж тодорхой үр дүнд хүрсэн ажлууд олон улсад жишиг болоод явж байгаа.
- Монгол улс мөнгө ухаахтай тэмцэх чиглэлээр цаашид ямар ажлуудыг хийхээр төлөвлөж байна вэ?
- Монгол улсын Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тогтолцоо ФАТФ-ын техник хэрэгжилтийн зөвлөмжүүдийн хувьд олон улсын түвшинд хүрсэн гэхэд болно. Бидний үнэлгээ томоохон эдийн засагтай орнуудтай өрсөлдөхүйц болсон. Одоо гол нь хэрэгжилтийн үйл ажиллагаандаа анхаарлаа хандуулах шаардлагатай байна. ФАТФ-ын Зөвлөмж 1 болон 2-т заасны дагуу улс орон бүр мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх үндэсний эрсдэлээ үнэлж, түүний үр дүнд суурилсан бодлого, хөтөлбөрийг хэрэгжүүлдэг. Энэ зөвлөмжийн хүрээнд Монгол Улсын Засгийн газар 2022 оны 265 дугаар тогтоолоор “Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх хөтөлбөр”-ийг баталсан. Уг хөтөлбөрт стратегийн ач холбогдолтой 8 зорилгын хүрээнд 48 дэд зорилтыг дэвшүүлэн 2022-2030 онуудад хэрэгжүүлээд ажиллаж байна. Түүнчлэн мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хууль тогтоомжийг хэрэгжүүлэх үүрэгтэй төрийн болон хувийн хэвшлийн байгууллагууд, мэргэжлийн холбоод чиг үүргээ үр дүнтэй хэрэгжүүлэх, олон улсын стандартын дагуу явуулах нь бидний гол анхаарах асуудал юм. Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй холбоотой олон нийтийн мэдлэгийг дээшлүүлж, соён гэгээрүүлэх нь энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд чухал ач холбогдолтой. Иймд Санхүүгийн мэдээллийн алба энэ чиглэлээр бусад төрийн байгууллагуудтай хамтран ажиллаж мэдээлэл, сургалт зохион байгуулах, гарын авлага, товхимол зэргийг тогтмол гаргахаар төлөвлөж байна.
Ярилцсанд баярлалаа.
Эх сурвалж: Basel AML Index 2023, 12th Public Edition. p.38