ENG

Эрдэм шинжилгээний илтгэл, нийтлэл

МӨНГӨ УГААХ ГЭМТ ХЭРЭГТЭЙ ТЭМЦЭХ РЕГТЕК ШИЙДЭЛ

Товч агуулга: Илтгэлд Монгол Улсын мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх үйл ажиллагаанд дэвшилтэт техник зохицуулалтын технологи /Regulatory Technology/ нэвтрүүлэх, эдгээр дэвшилтэт зохицуулалтын технологийн давуу тал болон бусад улсад нэвтрүүлсэн туршлагын талаар бичсэн.

Түлхүүр үг: Зохицуулалтын технологи /цаашид РегТек/, Финтек, мөнгө угаах, гэмт хэрэг, мэдээлэл технологийн шийдэл

Abstract: the article considers issue, experience of introducing advanced regulatory technology /RegTech/ in the anti-money laundering process. Also, have been developed proposals for the implementing of these technologies in the Mongolian market for risk management in the anti-money laundering processes.

Keywords: Regulatory technology /RegTech/, Fintech, money laundering, advanced technology

 

МӨНГӨ УГААХ ГЭМТ ХЭРЭГТЭЙ ТЭМЦЭХ РЕГТЕК ШИЙДЭЛ /2017 он/

Мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр эрдэмтэн судлаачид болон мэргэжлийн байгууллагынхан санал бодлоо солилцох зорилгоор зохион байгуулж буй энэхүү олон улсын эрдэм шинжилгээний хурал яг цагаа олсон арга хэмжээ гэж үзэж байна. Учир нь Олон улсын санхүүгийн хориг арга хэмжээ авах байгууллага (FATF)-ын салбар болох Ази-Номхон далайн бүсийн мөнгө угаахтай тэмцэх бүлгээс Монгол Улсын мөнгө угаахтай тэмцэх тогтолцоонд харилцан үнэлгээ хийж хангалтгүй гэсэн дүн тавьснаар Монгол Улсыг “саарал” жагсаалтад оруулах аюул нүүрлээд байна. Саарал жагсаалтад орон нь ямар олон сөрөг үр дагавар дагуулахыг энд дурдах нь илүүц биз.

Энэхүү эрдэм шинжилгээний хурлаар мөнгө угаахтай тэмцэхэд Монгол Улсад тулгамдаж буй асуудал, бэрхшээл, тэдгээрийг шийдэх арга зам, бусад улсын туршлага, нэвтрүүлэх боломжит шийдлийн талаар хэлэлцсэнээр улс орны мөнгө угаахтай тэмцэх тогтолцоог боловсронгуй болгох, улмаар улс орны эдийн засгийн хөгжилд эерэгээр нөлөөлнө гэдэгт итгэж “Мөнгө угаах угаах гэмт хэрэгтэй тэмцэх РегТек шийдэл”-ийн талаар танилцуулахаар илтгэлээ бэлтгэлээ.

Сүүлийн жилүүдэд дэлхийн улс орнуудын санхүүгийн салбарт нэвтэрч буй техник, технологийн шинэчлэл нь хөгжил дэвшилд чухал байр суурийг эзэлж байна. Төлбөрийн карт, интернет банк, биткойн, блокчейн зэрэг нэр томьёог санхүүгийн мэргэжилтнүүдээс гадна энгийн иргэд ч өдөр тутамдаа хэрэглэдэг,  мэддэг болсон. Санхүүгийн хэрэгсэл бүгд цахим хэлбэрт шилжиж бэлэн мөнгөн дэвсгэртээс цахим мөнгө, цахим хэтэвч, интернет зээл гэх болж.

Санхүүгийн зах зээл дахь бүтээгдэхүүн үйлчилгээг авч буй хэрэглэгчдийн  хэрэгцээ шаардлага мөн адил өөрчлөгдөж байна. Хэрэглэгч нэг дор санхүүгийн бүхий л төрлийн үйлчилгээг дэлхийн аль ч өнцөг бүрээс түргэн, шуурхай авахыг хүсэж байна.

Дээрх санхүүгийн салбар дахь мэдээлэл технологид суурилсан санхүүгийн бүтээгдэхүүн үйлчилгээ, цахим өөрчлөлт нь манай улсыг ч орхилгүй нөлөөлж, аль хэдийн нэвтрээд эхэлсэн байгаа. Өнөөдөр томоохон арилжааны банкууд, үүрэн холбооны операторууд, банкнаас бусад санхүүгийн байгууллагууд өөрсдийн цахим бүтээгдэхүүн, цахим хэтэвч, гэх мэт дижитал технологид суурилсан бүтээгдэхүүнээ зах зээлд нийлүүлээд эхэлсэн. Үүгээр ч зогсохгүй цахим банк хүртэл зах зээлд гарахаар ажиллаж байна. Магадгүй тун удахгүй улс орны мөнгөн дэвсгэрт жаазлагдан айл гэрийн хойморт мөнхрөх биз ээ. Монголбанкнаас 2017 онд нийтэлсэн мэдээллээр Монголын эдийн засаг ойролцоогоор 890 тэрбум төгрөг бэлнээр эргэлдэж байгаа нь нийт мөнгөний нийлүүлэлтийн 6% гаруйг л эзэлж байгааг дурдсан байдаг.

Нэгэнтээ бизнес, санхүүгийн бүтээгдэхүүн үйлчилгээ ийнхүү цахим хэлбэрт шилжиж эхэлсэн тул үүнтэй зэрэгцэн мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцэх хяналтын механизмыг илүү боловсронгуй болгох, дэвшилтэт техник технологи нэвтрүүлэх хэрэгцээ, шаардлага үүсээд байна.

Мөнгө угаах нь санхүүгийн харилцаанд оролцогчид, нийгэм болон улс орны эдийн засгийн аюулгүй байдалд маш том хохирол учруулах, сөргөөр нөлөөлөх өндөр эрсдэлтэй гэмт үйлдэл юм. Иймээс өнөө цагт дэлхий дахинд энэхүү мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцэх шаардлага, стандартаа улам чангатгахын хэрээр мөнгө угаах хэргийг үйлдэх арга улам бүр нарийсаж, тус гэмт хэргийн тоо жил ирэх тусам өсөн нэмэгдэж байна.

Монгол Улсын Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуульд заасны дагуу мэдээлэх үүрэгтэй этгээд нь 20 сая төгрөг, түүнтэй тэнцэх хэмжээний валютаас дээрх бэлэн мөнгөний, гадаад гүйлгээний болон сэжигтэй гүйлгээний тайланг Санхүүгийн мэдээллийн албанд мэдээлэх үүргийг хүлээсэн байдаг.

Гэтэл дээрх мэдээллийг мэдээлэх үүрэгтэй этгээдийн ажилтан гар аргаар шүүн, илрүүлж тайлагнан гэдэг тун төвөгтэй даалгавар. Учир нь банк, санхүүгийн байгууллага, үл хөдлөх хөрөнгийн зууч, нотариат зэргээр дамжин өдөрт сая сая гүйлгээ, хэлцэл хийгдэж байгаа бөгөөд үүнээс сэжигтэй гүйлгээг илрүүлж хугацаа алдалгүй холбогдох хууль сахиулах байгууллагад түргэн шуурхай мэдээлэхэд хиймэл оюун ухаанд суурилсан мэдээлэл технологийн шийдэл зайлшгүй хэрэгтэй болж байна.

Үүний дагуу олон улсад РегТек /Regulatory Technology, RegTech/ хэмээх шийдлийг ашиглан, үйл ажиллагаандаа нэвтрүүлж эхэлсэн байна. Нэг ёсондоо хууль тогтоомж, зохицуулагч байгууллагаас тавьсан шаардлагын хэрэгжилтийг мэдээлэл технологи, хиймэл оюун ухаан ашиглан програмын түвшинд хянах, заасан өгөгдлийн дагуу сэжигтэй гүйлгээ илрүүлэх, тайлан бэлтгэх зэрэг үүрэг гүйцэтгэх хяналтын механизм, шийдэл юм.

Анх 2007 онд РегТек гэсэн нэр томьёог АНУ-д бий болсон байна. Тухайн үед АНУ-ын зохицуулагч байгууллага өөрсдийн гаргасан дүрэм, журмын хэрэгжилтийг хангалттай хянаж чадаагүйгээс санхүүгийн хямрал үүссэн гэж үздэг. Энэхүү хямралын дараа зохицуулагч байгууллага богино хугацаанд маш олон шинэ зохицуулалтыг бий болгосон. Энэ бүх зохицуулалтыг дагаж мөрдөхөд санхүүгийн байгууллагад олон тооны мэргэжилтэн, хуульчид хэрэг болсон. Харин энэ олон хуульч, хүн хүчний зардлыг бууруулах зорилготой мэдээлэл технологийн компани болон комплаенсийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг мэргэжлийн байгууллага хамтран РегТек шийдлийг бий болгожээ. 2016 оны 9 дүгээр сард АНУ-ын нэгэн сонинд “РегТек бол бодит юм байна!” гэсэн нийтлэл гарсан байдаг.

ФинТек нь санхүү, мэдээлэл технологи ашиглан гаргасан бүтээгдэхүүн бол РегТек нь байгууллагын үйл ажиллагааг програмын тусламжтайгаар хуульд нийцүүлэх хяналтын шийдэл юм.

РегТекийг аливаа зохицуулагч байгууллагын хяналтанд үйл ажиллагаа явуулдаг байгууллагаас гадна хяналт тавих эрх бүхий зохицуулагч байгууллага өөрөө, түүнчлэн цагдаа, тагнуул зэрэг хууль хяналтын байгууллага хэрэглэх боломжтой. Зохицуулагч байгууллагад зориулсан технологийн шийдлийг олон улсад СапТек /Support technology, SupTech/ гэж нэрлэдэг.

Мөнгө угаахаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд тавигдах хяналт нь өөрөө өндөр зардалтай, эргээд өндөр торгуультай, маш хариуцлагатай үйл ажиллагаа байдаг. Олон улсад мөнгө угаахтай тэмцэх тухай хууль тогтоомжийг зөрчсөн үндэслэлээр 2017 оны байдлаар 300 гаруй тэрбум ам. долларын торгуулийг банк, санхүүгийн байгууллага хүлээсэн байдаг. Энэ тоо жил ирэх тусам улам нэмэгдэж, үүнтэй холбоотой мөнгө угаахтай тэмцэх тогтолцооны зардал өөрөө өдрөөс өдөрт нэмэгдэж байна.

Монгол Улсын Зөрчлийн тухай хуулиар Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийг зөрчсөн тохиолдолд зөрчилтэй гүйлгээний үнийн дүнтэй тэмцэх хэмжээний хөрөнгө орлогыг хураахаас гадна зөрчил гаргасан  этгээд,  байгууллагыг  1 саяас 200 сая хүртэлх төгрөгөөр торгох заалттай. Ийм ч учраас банк, санхүүгийн байгууллага үйл ажиллагаандаа  хяналт тавьж хуульд нийцүүлэх шаардлага зүй ёсоор тулгарч байгаа.

Дээрх эрсдэлээс урьдчилан сэргийлэх, бууруулах гол шийдэл нь РегТекийг нэвтрүүлж, хяналтын дүрмүүдийг зөв тохируулах явдал гэж судлаач миний бие харж байна.

РегТекийн гол зорилго нь хууль тогтоомж, дүрэм журам, зохицуулагч байгууллагын шаардлагыг биелүүлэх явцад хүний хийх боломжгүй үйлдлийг хиймэл оюун ухаан, програм ашиглан хийхэд оршино. Олон улсад мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцэхэд чиглэсэн дараах төрлийн РегТек шийдлүүд бий. Үүнд:

1. Харилцагч таньж мэдэх:

Харилцагч таньж мэдэх ажиллагааг хуульд заасан шаардлагын дагуу богино хугацаанд, үнэн зөв бодит мэдээллийг нэгдсэн сүлжээнээс түргэн хугацаанд гаргаж авах шийдэл.

2. Өгөгдөлд дүн шинжилгээ хийх, тайлан мэдээ боловсруулах:

Зохицуулагч байгууллагаас мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн дагуу олон төрлийн хяналтыг хийхээр заасан байдаг. Тэгвэл РегТек ашиглан эдгээр гүйлгээнд хяналт тавьж, тайлан мэдээг богино хугацаанд зохицуулагч байгууллагад хүргүүлэх шийдэл.

3. Мэдээллийн аюулгүй байдлыг хангах:

Өнөөдөр мянга мянган хакерууд өдөр тутамд санхүүгийн байгууллагын сүлжээнд халддаг. Тэгвэл эдгээр олон мянган халдлагаас РегТек шийдлээр хамгаалж болдог байна.

4. Гүйлгээний хяналт:

Банк санхүүгийн байгууллага өдөрт сая сая санхүүгийн гүйлгээ дамжуулдаг. Эдгээр гүйлгээнд хүн 24 цагийн турш хяналт тавих ямар ч боломжгүй эсвэл маш их хүн хүч зардал шаардсан ажил болно. Үүнийг РегТек шийдлээр өдрийн 24 цаг хяналт тавих боломжтой.

Зохицуулагч байгууллагын зүгээс СапТек ашиглан дээр заасан ажиллагаан хяналтаа хэрэгжүүлдэг болдог. Тухайлбал, сэжигтэй гүйлгээний талаарх мэдээллийг нэгдсэн мэдээллийн санд гүйлгээ хийгдсэн даруйд оруулан хадгалснаар, зохицуулагч байгууллагын эрх бүхий албан тушаалтан энэхүү мэдээллийн санд хандаж шаардлагатай мэдээллийг шуурхай авах боломж бүрдэнэ. Ингэснээр мөнгө угаах гэмт хэргийг цаг алдалгүй түргэн шуурхай илрүүлэх, таслан зогсооход чухал ач холбогдолтойгоор зогсохгүй эргээд хууль хяналтын байгууллагын уялдаа холбоо сайжрах давуу талтай. Ийм төрлийг РегТек шийдэл АНУ, Их Британи зэрэг улсад илүүтэй хөгжсөн байдаг.

РегТек нийлүүлдэг томоохон компани:

  •  “Truillo” компани дэлхийн 40 гаруй улсын 4 тэрбум харилцагчийг таньж мэдэх шийдлийг боловсруулан борлуулдаг.
  • Adibe Financial” банк, брокер, хеджийн сан болон хөрөнгө оруулалтын санд зориулсан үүлэн технологийг ашиглан өгөгдлийг боловсруулах шийдлийг нийлүүлдэг.
  • “NEX Regulatory Reporting” компани нь Европын холбооны шаардлагын дагуу төрөл бүрий тайланг боловсруулах шийдлийг нийлүүлдэг байна.
  • "Fenergo" компани нь мөнгө угаах эрсдэлийг удирдах, харилцагч таньж мэдэх ажиллагааг автоматжуулах чиглэлээр програмын шийдлийг зах зээлд нийлүүлдэг. 

Тэгвэл Монгол Улсад ч энэхүү технологи өөрийн хөгжлийг эхлүүлсэн. Үүнд “Монпэп Дата ХХК” Монгол Улсын Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх хуульд заасан өндөр эрсдэлтэй этгээдийг таньж мэдэхэд ашиглагдах програмын шийдлийг зах зээлд нийлүүлж байна.

 

РЕГТЕК НЭВТРҮҮЛСЭН УЛС ОРНЫ ТУРШЛАГА

1. Австри Улс

Австри улс нь 2014 онд мэдээллийн нэгдсэн сүлжээ буюу ABACUS платформыг нэвтрүүлсэн. Австри Улсын банк, санхүүгийн байгууллага энэхүү системээр дамжуулан зохицуулагч байгууллагадаа бэлэн мөнгөний болон сэжигтэй гүйлгээг тайлагнах ажиллагааг нэгдсэн нэг програмын шийдлээр гүйцэтгэдэг байна. Мөн гүйлгээ хийх бүрод харилцагчаас олон материал шаардах ажиллагааг халж улсын бүртгэлийн нэгдсэн системийг ашиглан харилцагч таньж мэдэх ажиллагааг гүйцэтгэдэг байна.

2. Бүгд Найрамдах Солонгос Улс

БНСУ нь Олон улсын санхүүгийн хориг арга хэмжээ авах байгууллагын 2019 оны харилцан үнэлгээнд зориулж “Эрсдэлийн үнэлгээний тогтолцоо”-гоо шинэчилж байна. Энэхүү ажлын хүрээнд гүйлгээний хяналтын систем, сэжигтэй гүйлгээ илрүүлэх дүрэмтэй нэгдсэн мэдээлэл технологийн шийдлийг улсын хэмжээнд боловсруулж, мэдээлэх үүрэгтэй этгээд нь эдгээр програм хангамжийг заавал ашиглах үүргийг хүлээлгэсэн байна.

3. Англи Улс

Англи улс 2015 онд РегТек Сэнд Бокс инновацийг нэвтрүүлж зах зээлийг эрчимжүүлсэн. СэндБокс буюу хүүхдийн элсний хайрцаг гэж хөрвүүлж болох энэхүү технологи нь шинээр гаргаж буй Финтек бүтээгдэхүүнийг  туршиж, өөрөөр хэлбэл ашиглаж үзэх байдлаар нэвтрүүлэх эсэхийг шийдвэрлэж, зөвхөн амжилттай туршигдсан тохиолдолд зах зээлд жинхлэн нэвтрүүлэх тогтолцоог бүрдүүлсэн.

 

Монгол Улсад зарим банкууд 2014 оноос РегТек шийдлийг нэвтрүүлж эхэлсэн. Үүгээр өдөр тутамд хийгдэж буй сая сая гүйлгээнд програмын тусламжтайгаар хяналт тавьж, өндөр эрсдэлтэй харилцагчийн гүйлгээнд тусгай хяналт тавих, сэжигтэй гүйлгээг илрүүлэх, эрх бүхий зохицуулагч байгууллагад тайлагнах арга хэмжээг авч хэрэгжүүлж байна. Гэвч арилжааны банкууд тус бүрийн ашиглаж буй эдгээр програмд нэгдсэн нэг шийдэл бүхий хяналтын дүрмийг боловсруулах, үүнд хяналт тавих арга хэмжээ дутагдаж байгааг анхаарах шаардлагатай байна.

 

ДҮГНЭЛТ

Монгол Улсад РегТек хөгжих үндэс суурь байна гэж судлаач миний бие үзэж байна. Өнөөдөр Монгол Улсын хэмжээнд мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэхэд цагдаа, тагнуул, авилгатай тэмцэх газар зэрэг хууль сахиулах байгууллага, Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо, Санхүүгийн мэдээллийн алба зэрэг зохицуулагч байгууллага болон банк, санхүүгийн байгууллага хамтын ажиллагааны тухай ярьдаг. Гэтэл дээрх байгууллагууд дээр нэмж комплаенсийн чиглэлээр мэргэшсэн байгууллага болон мэдээлэл технологийн байгууллага хамтран РегТек буюу мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх нэгдсэн хяналтын механизмыг бий болгох боломж бидэнд байна.

Өнөөдөр Монгол Улс мэдээлэл технологийн эрин зуунд хөл нийлүүлэн алхаж хүн бүр л ФинТекийн талаар ярьж байна. Тухайлбал, харилцаа холбооны 2017 оны тайлангаас харахад Монгол Улсад 3,786,000 утасны хэрэглэгч байна эдгээрээс 2,347,000 нь ухаалаг утас хэрэглэж байна. Бүтээгдэхүүн, үйлчилгээ хөгжиж байгаа цагт хяналтын механизм үргэлж даган хөгжих шаардлагатай байдаг. Монгол Улсын хувьд техник технологийн дэд бүтэц хангалттай хэмжээнд хөгжсөн байгааг дээрх үзүүлэлт харуулж байна. Иймээс РегТек хөгжүүлэхийн тулд:

Нэгдүгээрт: Улсын хэмжээнд РегТек хөгжүүлэх нэгдсэн бодлого барьж, энэ талаар эрх зүйн орчныг боловсронгуй болгох шаардлагатай. Мөнгө угаах өндөр эрсдэлтэй салбар түүний дотор үл хөдлөх хөрөнгийн зууч, үнэт эдлэлийн арилжаа эрхлэгч, нотариат, хуульч, нягтлан бодогч нарт хуулиар тогтоосон хяналтыг хэрхэн хэрэгжүүлэх нь тодорхойгүй байна. Иймд эдгээр мөнгө угаах гэмт хэрэгт өртөх өндөр эрсдэлтэй салбарт РегТек шийдлийг анхнаас нь нэвтрүүлэх, энэхүү системээр дамжуулан хяналтаа хэрэгжүүлэх хууль эрх зүйн орчныг нэг мөр бий болгох нь үр дүнтэй арга гэж үзэж байна.

Хоёрдугаарт: Засгийн газар болон РегТек шийдэл хөгжүүлэгч нарын хамтын ажиллагаа нэн чухал. Засгийн газрын зүгээс энэ чиглэлээр ажиллаж буй иргэн, байгууллагад дэмжлэг үзүүлж, мэдээлэл технологийн хяналтын шийдлийг хамтран боловсруулах нь чухал ач холбогдолтой.

Гуравдугаарт: Монгол Улсын мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх үндэсний эрсдэлийн үнэлгээний тайланд дурдсанаар 2010-2015 онд Санхүүгийн мэдээллийн албанд нийт 863 сэжигтэй гүйлгээний тайлан хүргүүлсэн байдаг. Эдгээрийн 850 нь арилжааны банкуудаас, үлдсэн 13 нь бусад байгууллагаас хүргүүлсэн байна. Ийм учраас РегТек шийдлийг улсын хэмжээнд, үр дүнтэйгээр нэвтрүүлж, хяналтын тогтолцоог бүрдүүлэх нь мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх ажиллагаанд үр дүнгээ өгөх болно.

Эцэст нь дүгнэж хэлэхэд XXI зуун өөрөө техник, технологийн эрэн үе.  Дээр дурдсан хяналтын үр дүнтэй техник, технологийн шийдлийг нэвтрүүлэх нь зөвхөн мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх гэмт хэрэгтэй тэмцэх төдийгүй, олон улсын байгууллагаас тавьж буй шаардлагыг хангаж, улс орны гадаад харилцаа, эдийн засаг, олон улсын худалдаа, хамтын ажиллагаа, хөрөнгө оруулалтад нүүрлэх эрсдэлийг бууруулах, урьдчилан сэргийлэх хяналтын хамгийн үр дүнтэй шийдэл нь РегТек болно гэдэгт судлаач миний бие бүрэн итгэж байна.

 

Боловсруулсан:

З.Эрдэм

Хууль зүйн магистр, Монгол Улсын Дотоод хэргийн их сургуулийн докторант

 

Хянан тохиолдуулсан:

П.Орхон

ХААН банкны Комплаенсийн газрын захирал, хууль зүйн магистр