ENG

Цаг үеийн мэдээлэл

Үнэт металл, үнэт чулууны, эсхүл тэдгээрээр хийсэн эдлэлийн арилжаа эрхлэгчдийн анхааралд

Олон улсын санхүүгийн хориг арга хэмжээ авах байгууллага /ФАТФ/-аас Монгол Улсыг 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдөр стратегийн дутагдалтай орнуудын жагсаалт буюу “саарал” жагсаалтад оруулж, үнэт металл, үнэт чулуу, эсхүл тэдгээрээр хийсэн эдлэлийн арилжаа эрхлэгчдийн үйл ажиллагаанд мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэх эрсдэлийн үнэлгээ хийж, эрсдэлд суурилсан хяналт шалгалтыг идэвхжүүлэх чиглэл өгсөн.

Үнэт металл, үнэт чулууны, эсхүл тэдгээрээр хийсэн эдлэлийн арилжаа эрхлэгчдийн үйл ажиллагааны эрх зүйн зохицуулалтыг бий болгох, мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэх эрсдэлийн үнэлгээ хийх, эрсдэлд суурилсан хяналт шалгалтыг идэвхжүүлэх, Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуульд заасан мэдээлэх үүрэгтэй этгээд эсэхийг тогтоох, 20 сая төгрөг болон түүнээс дээш үнийн дүнтэй бэлэн мөнгөний гүйлгээ хийгддэг эсэхийг тодорхойлох, бүртгэлжүүлэх чиглэлд холбогдох төрийн байгууллагууд хамтран шат дараалсан арга хэмжээ авч идэвхтэй ажиллаж байна.

Дээрх ажлын хүрээнд Санхүүгийн зохицуулах хороо, Үндэсний статистикийн хорооны хамтарсан “Үнэт металл, үнэт чулууны, эсхүл тэдгээрээр хийсэн эдлэлийн арилжаа эрхлэгчдийн судалгаа”-г Монгол Улсын бүх нутаг дэвсгэрт 2020 оны 4 дүгээр сарын 01-10-ны өдрүүдэд зохион байгуулах ажлыг эхлүүллээ.

Тус судалгаа нь нэг талаас, салбарын бодит дүр зургийг тодорхойлох, оролцогчдыг мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэх эрсдэлээс хамгаалахад чиглэгдсэн, нөгөө талаас, Монгол Улсын үндэсний хэмжээнд төдийгүй бизнес эрхлэгч та бүхний санхүүгийн тогтвортой байдал алдагдах, гадаадын хөрөнгө оруулалтыг татаж чадахгүй байх, гадаадын банкаар гүйлгээ хийх асуудал удаашрах зэрэг хүндрэл, бэрхшээл, эрсдэлүүдийг бууруулах боломжийг бүрдүүлэх өндөр ач холбогдолтой гэдгийг анхаарч, нийт оролцогчид хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж судалгаанд идэвхтэй оролцохыг уриалж байна.

Эх сурвалж: Санхүүгийн зохицуулах хороо