ENG

Цаг үеийн мэдээлэл

Салхитын мөнгөний ордтой холбоотой шүүх хурлыг хойшлууллаа

Салхитын мөнгөний ордтой холбоотой гэх хэрэгт холбогдсон шүүгч, цагдаа зэрэг нийт 15 хүнийг шүүх хурал Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд боллоо. 

Шүүх хуралдаан өнөөдөр 09:00 цагаас товлогдсон ч тодорхойгүй шалтгаанаар 10:40 цагт эхэлсэн. Шүүх хуралдааныг нээлттэй явуулсан ч сэтгүүлчдийг хуралдааны танхимд оруулалгүйгээр шүүх танхимын гадна байрлуулсан дэлгэцээр хурлын явцыг дамжуулсан юм. 

Шүүгдэгчдийн зүгээс нэлээд олон хүсэлт гаргасан байна. Тухайлбал, шүүгдэгч Ш.Мөнгөншагай прокуророос татгалзсан бол шүүгдэж буй нэг шүүгч хуралдааныг хойшлуулах хүсэлт гаргажээ. Уг хүсэлтийн дагуу шүүх хуралдааныг дөрөвдүгээр сарын 13-н хүртэл хойшлуулав. 

Хэргийн талаар эргэн сануулахад, 2019 оны зургаадугаар сарын 27-нд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга нэр бүхий 17 шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх зарлиг гаргасан билээ. 

Тэднийг Салхитын мөнгөний ордтой холбоотой хэргийг шийдвэрдэхдээ оролцогчоос хахууль авсан, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэх үндэслэлээр АТГ-аас эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байсан юм. Улмаар энэ оны нэгдүгээр сарын 20- нд 17 шүүгчийн долоог нь гэм буруугүй болохыг тогтоож Монгол улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж долоон шүүгчийн бүрэн эрхийг нь сэргээсэн юм. 

Өнөөдрийн шүүх хурлаар үлдсэн 10 шүүгчийн тавынх нь гэм буруутай эсэхийг тогтооно. Мөн хэрэг нь шүүхэд шилжсэн ч өөрөө Монголд байхгүй байгаа учир нэг шүүгчийн хэргийг тусгаарлаад байгаа аж. 

Харин үлдсэн буюу эрхийг нь сэргээгээгүй, хэрэг нь шүүхэд шилжээгүй дөрвөн шүүгчийг шалгах ажил ажил үргэлжилж байна. 

2019 оны зургаадугаар сарын 27-нд Ерөнхийлөгчийн зарлигаар бүрэн эрхийг нь түдгэлзүүлсэн 17 шүүгч:  

  1. Б.Цолмонбаатар – Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгч;
  2. Э.Халиунбаяр – Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч;
  3. Ц.Амарсайхан – Улсын дээд шүүхийн шүүгч;
  4. Б.Сайханцэцэг – Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгч;
  5. Д.Цолмон – Улсын дээд шүүхийн шүүгч;
  6. Г.Цагаанцоож – Улсын дээд шүүхийн шүүгч;
  7. Ж.Оюунтунгалаг – Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгч;
  8. Д.Дэлгэрцэцэг – Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч;
  9. Д.Байгалмаа – Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч;
  10. Х.Сонинбаяр – Улсын дээд шүүхийн шүүгч, Иргэний хэргийн танхимын тэргүүн;
  11. П.Золзаяа – Улсын дээд шүүхийн шүүгч;
  12. С.Амардэлгэр – Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгч;
  13. Т.Энхжаргал – Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч;
  14. Б.Нармандах – Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч;
  15. С.Төмөрбат – Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч;
  16. Н.Нарантуяа – Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч;
  17. П.Туяат – Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч

2020 оны нэгдүгээр сарын 20-нд бүрэн эрхийг нь сэргээсэн долоон шүүгч: 

  1. Улсын дээд шүүхийн Иргэний танхимын тэргүүн Х.Сонинбаяр,
  2. Улсын дээд шүүхийн шүүгч П.Золзаяа,
  3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг,
  4. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Дэлгэрцэцэг,
  5. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Байгалмаа,
  6. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Нармандах
  7. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Энхжаргал 

Өнөөдөр шүүх хурал нь болж байгаа таван шүүгч: 

  1. Улсын дээд шүүхийн шүүгч Г.Цагаанцоож
  2. Улсын дээд шүүхийн шүүгч Д.Цолмон
  3. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Халиунбаяр
  4. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгч  Б.Цолмонбаатар
  5. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгч Б.Сайханцэцэг

Дээрх таван шүүгчтэй хамт Улсын дээд шүүхийн шүүгч Ц.Амарсайханы хэргийг шүүхэд шилжүүлсэн ч тэрбээр гадаадад эмчилгээ хийлгэж байгаа учраас хэргийг нь тусгаарлажээ. 

Харин, 

  1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгч С.Амардэлгэр
  2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Төмөрбат
  3. Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Нарантуяа
  4. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Туяат нарын дөрвөн хүний хэргийг шалгах ажиллагаа үргэлжилж байна.

 

Эх сурвалж: Ikon.mn