ENG

Цаг үеийн мэдээлэл

Түгээмэл асуулт, хариулт

Мөнгө угаах гэмт хэргийн талаар

  1. Мөнгө угаах гэмт хэрэг гэж юу вэ?

Гэмт хэрэг үйлдэж хууль бусаар олсон орлогынхоо эх үүсвэрийг нуун дарагдуулж, хэлбэр дүрсийг нь хувиргаж эдийн засгийн эргэлтэд оруулж, улмаар “бохир” мөнгийг “цэвэр” буюу хууль ёсны орлого мэт харагдуулах оролдлого нь мөнгө угаах гэмт хэрэг юм. Мөнгө угаах гэмт хэрэг нь гэмт хэрэг үйлдэх замаар олж авсан хууль бус хөрөнгийг цэвэр мэт болгон анхны эзэн нь олж авах ашиг хонжоо олох сэдэлтэйгээр үйлдэгддэг. Өөрөөр хэлбэл мөнгө угаах гэдэг нь хууль бус орлогоо хууль ёсны салбараар дамжуулж гарал үүслийг нь нуун дарагдуулах эцэст нь ашиг хонжоо олох үйлдлийг хэлдэг.

  1. Мөнгө угаах гэмт хэргийн үе шат хэрхэн явагддаг вэ?

Мөнгө угаах гэмт хэрэг нь 3 үе шаттай. Үүнд, нэгдүгээрт, байршуулах, хоёрдугаарт, нуун далдлах, эцэст нь буцаан төвлөрүүлэх юм. Хамгийн эхний үе шат нь байршуулах бөгөөд энэ үед хууль бусаар олж авсан хөрөнгийг санхүүгийн /мөн санхүүгийн бус бизнес мэргэжлийн үйлчилгээ үзүүлэгч/ системд нэвтрүүлэхийг хэлдэг. Харин нуун далдлах үе шатанд мөнгөний жинхэнэ үүсвэрийг олж илрүүлэхэд хүндрэлтэй болгож “бохир” мөнгөний зүсийг хувиргахыг оролддог бол сүүлийн буюу буцаан төвлөрүүлэх үед тухайн “бохир” мөнгөний эх үүсвэрийг бүдгэрүүлж, эдийн засгийн эргэлтэд оруулж хууль ёсны орлого мэт болгож хувиргаад буцаан олж авахыг хэлдэг.

  1. Мөнгө угаах гэмт хэргийн талаар бид яагаад мэдэх ёстой вэ?

Мөнгө угаах гэмт хэрэг нь биднээс хол хөндий хөгжингүй орнуудад эсвэл мөргөлдөөнтэй бүс нутагт л үйлдэгддэг гэж үздэг бол өрөөсгөл ойлголт бөгөөд бидний эргэн тойронд ч гардаг. Тухайлбал, авилга хээл хахууль, татвараас зайлсхийх, орлогоо нуун дарагдуулах, хүн хулгайлах, бусдын биеийг үнэлүүлэх, хулгай дээрэм, цахим гэмт хэрэг цаашлаад байгаль орчны эсрэг үйлдэгдэж буй гэмт хэрэг нь мөнгө угаах гэмт хэргийн суурь гэмт хэрэг болдог. Мөн мөнгө угаах гэмт хэрэг нь нүдэнд үзэгдэхгүй боловч далд эдийн засгийг бий болгож улс орны нийгэм, эдийн засагт томоохон хохирол учруулдаг тул Та бидний өдөр тутмын амьдралд ч нөлөөлдөг.

  1. Энэ төрлийн гэмт хэрэгт ихэвчлэн аль салбарын хүмүүс хамгийн түрүүнд өртөх эрсдэлтэй вэ?

Мөнгө угаах гэмт хэрэгт хэн ч өртөх боломжтой. Иргэд энэ төрлийн гэмт хэргийн үйлдэлд мэдлэг мэдээлэл дутмагаас болж оролцох, мэдэх боломжтой байсан боловч орхих зэрэг тохиолдол гарч болно. Мөнгө угаахаар зорьж буй этгээдүүд нь ихэвчлэн санхүүгийн болон санхүүгийн бус салбарын байгууллага, этгээдээр дамжуулж “бохир мөнгө” буюу эх үүсвэрээ далдлахыг зорьдог. Иймээс энэ эрсдэлээс сэргийлэх, мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцэх зорилгоор дээрх байгууллага этгээдийг “мэдээлэх үүрэгтэй этгээд” гэж үзэж хуулийн дагуу тодорхой эрх, үүргийг олгосон байдаг. Өөрөөр хэлбэл, мэдээлэх үүрэгтэй этгээд гэдэгт банк, ББСБ, ХЗХ, даатгагч болон даатгалын мэргэжлийн оролцогч, үнэт цаасны зах зээлд оролцогч мэргэжлийн байгууллага, үл хөдлөх хөрөнгө зуучлалын байгууллага, үнэт металл, үнэт чулууны эсхүл тэдгээрээр хийсэн эдлэлийн арилжаа эрхлэгч, хуульч, нотариатч, нягтлах бодогчид ордог. 

  1. Энэ төрлийн гэмт хэрэг гол төлөв ямар арга хэлбэрээр үйлдэгддэг вэ?

Бид мөнгө угаах гэсэн нэр томьёотой танилцаад удаагүй хэдий ч энэ төрлийн гэмт хэрэг нь МЭӨ 2000 жилийн өмнө татвараас зайлсхийж өөрийн орлогоо удирдагчдаасаа нуун өөр газарт шилжүүлж, өөрийн улсаас гадагш хөрөнгө оруулж, эсвэл газарт булдаг байсан Хятадын наймаачдаас үүсэлтэй гэж үздэг. 100, 100-н жил өнгөрч хавала, хунди нараар мөнгө дамжуулдаг байсан үеэс криптовалютаар дамжуулан мөнгө угаадаг болсон цаг үе ирсэн ба мөнгө угаах арга хэлбэрүүд цаг хугацааг дагаад улам л боловсронгуй болсоор ирсэн. Харин өнөө цагт дэлхий дахинд их хэмжээний бэлэн мөнгө угаах, үл хөдлөх хөрөнгө шууд худалдан авах, авилгаар олсон мөнгөө угаах, түүндээ төрөл саднаа оролцуулах, хувьцаа болон ижил төрлийн бүтээгдэхүүн ашиглах, хуурамч зээл төлөх, цахим сүлжээ, хуурамч мөнгө ашиглах, үнэт эдлэлийг мөн ижил төрлийн бүтээгдэхүүнийг нь “бага үнээр худалдан авч, өндөр үнээр худалдах” зэргээр хуурамчаар наймаалцаж, виртуал хөрөнгөөр дамжуулах зэрэг олон хэлбэрээр энэхүү гэмт хэргийг үйлддэг.

  1. Терроризмыг санхүүжүүлэх гэж юу вэ? Энгийн үгээр тайлбарлаж өгнө үү.

“Терроризмыг санхүүжүүлэх” нь хууль ёсны эсхүл хууль бус санхүүгийн эх үүсвэрийг нуун далдлан террорист үйл ажиллагаа санхүүжүүлэх зорилгоор үйлдэгддэг. Энгийнээр тайлбарлавал террорист халдлагыг зохион байгуулахад хөрөнгийн эх үүсвэр шаардлагатай байдаг. Энэ хөрөнгийг бий болгохын тулд хууль бус бохир мөнгө болон хууль ёсны хөрөнгийг ашигладаг. Терроризмыг санхүүжүүлэх сэдэл нь үзэл сурталтай шууд холбоотой ба энэ нь шашин шүтлэг, улс төр, өш хонзон, бэлэг тэмдгийн аль нэг нь байдаг. /жишээ оруулах/

  1. Терроризмыг ямар эх сурвалжаас түлхүү санхүүжүүлдэг вэ?

Терроризмыг санхүүжүүлэх гэмт хэрэг нь их хэмжээний эд хөрөнгө хулгайлах, хар тамхи, зэвсгийн наймааны хууль бус худалдаа явуулах, хууль бус цагаачлал болон хүн худалдаалах, хүн барьцаалах, хулгайлах, айлган сүрдүүлэх нь томоохон эх үүсвэр болдог. Үүнээс гадна хулгай дээрэм хийх, хувийн мэдээллийг хулгайлж мөнгө нэхэх, хууль бусаар алмаз олборлох гэх мэт гэмт хэргээр олсон хууль бус орлогыг түгээмэл ашигладаг.

Үүнээс гадна хууль ёсны эх үүсвэр болох хандив, тусламж бизнес болон хувиараа хөдөлмөр эрхэлж олсон хууль ёсны орлого зэргүүд бүрдүүлэх нь бий. Террорист этгээд нь цаад санаагаа халхавчилж хандив, тусламжаар хөрөнгө босгох, хүмүүнлэгийн ажил нэрийдлээр терроризмыг санхүүжүүлэх оролдлого хийдэг байна. Хувь хүн, хуулийн этгээдийн хангалттай бус мэдлэгтэйгээс тухайн хийж буй сайн үйлс нь хаа нэг газарт террорист гэмт хэрэгт ашиглагдах боломжтой байдаг байна.

  1. Манай улсад энэ төрлийн гэмт хэргийн хууль эрх зүйн зохицуулалт ямар байдаг вэ?

Монгол Улс нь энэ төрлийн гэмт хэргийг хууль эрх зүйн хүрээнд зохицуулалттай болгосон бөгөөд Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хууль, Үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэх болон терроризмтой тэмцэх тухай хуулиар зохицуулдаг. Түүнчлэн эдгээр хуулийг даган холбогдох журам, дүрмийг боловсруулан дагаж мөрдөж байна.

  1. МУТС гэмт хэрэг улс оронд ямар хор уршиг, сөрөг нөлөөтэй вэ?

МУТС гэмт хэрэг нь эдийн засаг, нийгэмд өндөр хор уршигтай. Хамгийн энгийн жишээ гэвэл хэрэв хууль бус их хэмжээний хөрөнгө манай улсын санхүүгийн системээр угаагдаж байвал нэн түрүүнд санхүүгийн системийн тогтвортой байдалд аюул учруулдаг. Хууль бус хөрөнгө нь дотоодынх бол авилга хээл хахуулийг ихэсгэх, шударга өрсөлдөөнийг үгүй хийнэ. Мөн МУТС гэмт хэрэгт өртөх эрсдэлтэй байдал нь олон улсын тавцанд улс орны нэр хүндийг унагахаас гадна тухайн улсын санхүүгийн систем, цаашлаад улс үндэстэнд итгэх итгэлийг үгүй хийх эрсдэлтэй. Мөн олон улсын хамтын байгууллагуудын эрчимтэй хяналтад орж эхэлдэг. Үүний үр дүнд олон улсын санхүүгийн системд эрсдэлтэй гэж үзэгдэн аливаа хаалт, шахалтад орж эдийн засаг тэлэх боломж хумигдах, тухайн улсын иргэдийн өдөр тутмын амьдралд ч сөрөг нөлөө үзүүлдэг.  Тухайлбал Монгол Улс ФАТФ-ын “Саарал жагсаалт”-д орсноос болж Европын Холбооны хар жагсаалт гэж нэрлэгддэг мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх стратегийн дутагдалтай, өндөр эрсдэлтэй гуравдагч улс орнуудын жагсаалтад орж байсан.

  1. Санхүүгийн бус бизнес, мэргэжлийн үйлчилгээ үзүүлэгчдийн /СББМҮҮ/ салбаруудыг МУТСТ гэмт хэргээс хамгаалахын тулд хамгийн түрүүнд анхаарах ёстой зүйл юу вэ?

МУТС гэмт хэрэгт санхүүгийн салбараас гадна СББМҮҮ нар өртөх боломж өндөр. Энэ нь тухайн салбарын үйл ажиллагааны онцлогтой холбоотой байдаг байна. Тэгвэл СББМҮҮ нар энэ төрлийн гэмт хэрэгт өртөх эрсдэлээс өөрсдийгөө хамгаалахад нэн түрүүнд харилцагчаа таньж мэдэх, тухайн үйлчилгээ үзүүлж буй этгээдийн гүйлгээ хийж буй хөрөнгө орлогын эс үүсвэрийг мэдэхэд, сэжигтэй гэж үзвэл зохих газарт мэдээлж хэвших зэргийг анхаарахаас эхэлнэ. МУТСТ гэмт хэргээс сэргийлэхэд дээр дурдсан анхаарах асуудлаас гадна олон талын мэдээлэл, уг гэмт хэргээс урьдчилан сэргийлэхүйц цогц мэдлэгтэй байхыг шаарддаг. Учир нь МУТС гэмт хэргийн хохирол өндөр байдаг байна.

ФАТФ, АНДМУТБ-ийн талаар

  1. ФАТФ гэж ямар чиг үүрэгтэй байгууллага вэ?

Санхүүгийн хориг арга хэмжээ авах байгууллага буюу ФАТФ нь анх 1989 онд их долоо (G7)-гийн мөнгө угаах гэмт хэрэг болон терроризмыг санхүүжүүлэхийн эсрэг үйл ажиллагаа явуулах зорилготой Засгийн газар хоорондын байгууллага юм. ФАТФ-ын үндсэн зорилт нь олон улсын санхүүгийн системийн бүрэн бүтэн байдалд заналхийлж буй мөнгө угаах, терроризм санхүүжүүлэх мөн холбогдох бусад аюул заналтай тэмцэх чиглэлээр хууль тогтоомж, зохицуулалт, үйл ажиллагааны арга хэмжээг үр дүнтэй хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэхэд оршино.

  1. АНДМУТБ (APG) гэж ямар чиг үүрэгтэй байгууллага вэ?

Ази, номхон далайн мөнгө угаахтай тэмцэх бүлэг (АНДМУТБ) нь 1995 онд мөнгө угаахтай тэмцэх бодлого, санаачилгыг хэрэгжүүлэх зорилготой байгууллага юм. 2006 онд АНДМУТБ нь ФАТФ-ын гишүүн болж Ази, номхон далайн бүс нутгийн засгийн газар хоорондын байгууллага болжээ. 2004 онд Монгол Улс АНДМУТБ-т гишүүнээр элссэн бөгөөд одоогийн байдлаар тус бүлэгт харьяалалтай нийт 41 улс орнууд байдаг.

АНДМУТБ-ийн зорилго нь ФАТФ-ийн 40 зөвлөмжид заасны дагуу олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн МУТСТ стандартыг нэвтрүүлэх, хэрэгжүүлэх, хэрэгжилтийг хангах явдал юм. АНДМУТБ нь харилцан үнэлгээг гүйцэтгэхээс гадна техник туслалцаа үзүүлэх, сургалт семинар зохион байгуулах замаар мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх чиг хандлага, арга барилд гарч буй өөрчлөлтийг гишүүн орнуудад танилцуулахыг зорьдог.

  1. ФАТФ-ын “Саарал жагсаалт” гэж юү вэ?

Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэхийг санхүүжүүлэхтэй тэмцэх 40 зөвлөмжийг улс орон бүр биелүүлэх үүрэгтэй. Энэ зөвлөмжийн биелэлтийг ФАТФ-ын бүсийн байгууллагаас тодорхой давтамжтайгаар харилцан үнэлж тайлан гаргадаг. Харилцан үнэлгээний тайлангийн дүгнэлтээр тухайн улс нь 40 Зөвлөмжийг биелүүлэх хүсэл сонирхолгүй эсвэл биелүүлэхээс татгалзвал тухайн улс орныг өндөр эрсдэлтэй гэж дүгнэн “саарал” болон “хар жагсаалт”-д оруулж анхааруулах арга хэмжээ авдаг. “Саарал жагсаалт”-д орох нь тухайн орныг мөнгө угаах болон терроризм санхүүжүүлэхтэй тэмцэх стратегийн дутагдалтай болохыг илтгэх юм.

  1. ФАТФ-ын “Хар жагсаалт” гэж юү вэ?

Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэхийг санхүүжүүлэхтэй тэмцэх 40 зөвлөмжийн дагуу аливаа улсын мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тогтолцоо хангалтгүй, олон улсын санхүүгийн системд ноцтой аюул заналхийлэл учруулж байгаа гэж дүгнэгдсэн орон ФАТФ-ын “хар жагсаалт”-д ордог. “Хар жагсаалт”-д орох нь тухайн орныг мөнгө угаах болон терроризм санхүүжүүлэхтэй тэмцэх стратеги хангалтгүйгээс гадна энэ чиглэлээр өндөр эрсдэлтэй болохыг илтгэнэ. Одоогийн байдлаар ФАТФ-ын “хар жагсаалт”-д Иран болон Хойд Солонгос улсууд ордог.

  1. Монгол Улс “Саарал жагсаалт”-с гарсан уу?

Санхүүгийн хориг арга хэмжээ авах байгууллага (ФАТФ)-ын 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн Нэгдсэн хуралдаанаар Монгол Улсыг мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх болон үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэхийг санхүүжүүлэхтэй тэмцэх стратегийн дутагдалтай орнуудын жагсаалт буюу “саарал жагсаалт”-аас гаргахаар шийдвэрлэсэн.

  1. Улс орнууд “Саарал/хар жагсаалт”-д орвол ямар аюултай вэ?

ФАТФ –ын “хар”, “саарал жагсаалт” -д орох нь олон төрлийн хор уршигтай. Жишээлбэл:

  • олон улсын байгууллагууд хамтран ажиллахаас татгалзах,
  • Гадаадын харилцагч банкууд харилцаагаа таслах, нэмэлт мэдээлэл шаардах,
  • Гадаадын хөрөнгө оруулалт зогсох, гадаад худалдаа багасах,
  • Тухайн жагсаалтад орсон улс орны иргэд гадаад улсад картаар гүйлгээ хийх боломжгүй болох,
  • Гадаад шилжүүлгийн гүйлгээг хийх хүндрэлтэй болох, нэмэлт мэдээлэл шаардах, шалгах давтамж ойртох, гүйлгээ буцаах, гүйлгээ хийх хугацаа уртсах, улмаар эдийн засаг агших, ард түмний амьжиргаа доройтох зэрэг аюултай байдаг.
  1. МУТСТ тогтолцоог үнэлэх харилцан үнэлгээ, дахин үнэлгээ гэж юу вэ?

ФАТФ-аас гишүүн орнуудын 40 зөвлөмжийн хэрэгжилтийн түвшинг үнэлэх зорилгоор ФАТФ-тэй төстэй бүс нутгийн байгууллагуудаар дамжуулан байнгын хяналт тавьдаг. Гишүүн орнуудын төлөөллөөс бүрдсэн үнэлгээний баг зөвлөмжийн хэрэгжилтийг нарийн үнэлж, тайлан гаргадаг бөгөөд тус дүгнэлтэд үндэслэн цаашид авах арга хэмжээний чиглэлийг тодорхойлдог. Түүнчлэн харилцан үнэлгээний тайлангийн дүгнэлтээр тухайн улс нь 40 Зөвлөмжийг биелүүлж чадаж байгаа эсэхээс хамааран тухайн улс орныг өндөр эрсдэлтэй гэж дүгнэвэл “саарал” болон “хар жагсаалт”-д оруулж анхааруулах арга хэмжээ авдаг.

ҮОХЗДТ, санхүүгийн хориг арга хэмжээний талаар

  1. Санхүүгийн зорилтот хориг арга хэмжээ гэж юу вэ?

Санхүүгийн зорилтот хориг арга хэмжээ нь үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэх, терроризмыг санхүүжүүлэх гэмт хэргийг үйлдэхээр зэхэж буй этгээдүүдийн мөнгөн хөрөнгийн шилжилт, хөдөлгөөний урсгалтай тэмцэхээр гаргасан Нэгдсэн үндэсний байгууллага /НҮБ/-ын Аюулгүйн зөвлөлийн тогтоолуудын нэг хэсэг юм.

НҮБ-аас тавьж буй аливаа хориг арга хэмжээ нь санхүүгийн зорилтод хориг арга хэмжээнээс гадна үйл ажиллагаанд суурилсан санхүүгийн хориг, эдийн засаг, тодорхой нэг салбарын хориг арга хэмжээ болон холбогдох санхүүгийн хориг, сонор сэрэмжийг нэмэгдүүлэх арга хэмжээг багтаана. НҮБ-ын гишүүн улсын хувьд Монгол Улс нь НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн тогтоол, түүний дотор хориг арга хэмжээ авахтай холбоотой тогтоолыг дагаж мөрдөх үүрэгтэй.

  1. Мэдээлэх үүрэгтэй этгээд хориг арга хэмжээтэй холбоотой хуулиар хүлээсэн үүргээ хэрхэн биелүүлэх вэ?

Санхүүгийн зорилтот хориг арга хэмжээг хэрэгжүүлэх үүргийг иргэд, санхүүгийн байгууллагууд, санхүүгийн бус бизнес, мэргэжлийн үйлчилгээ үзүүлэгчид хэрэгжүүлнэ. Үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэх, терроризмтой тэмцэх тухай хуульд заасанчлан хүн, хуулийн этгээд аливаа үйлчилгээ үзүүлэхдээ хориг арга хэмжээний болон дотоодын жагсаалтад орсон хүн, хуулийн этгээд, тэдгээрийг санхүүжүүлдэг этгээдийн шууд болон шууд бус өмчлөл, эсхүл хяналтад байгаа хөрөнгийг даруй царцааж тагнуулын байгууллагад 24 цагийн дотор мэдээлнэ.

Түүнчлэн “Үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэх болон терроризмтой тэмцэх санхүүгийн зорилтот хориг арга хэмжээг хэрэгжүүлэх үйл ажиллагааны журам”-ын 5-р зүйлийн 5.1.-д “Хүн, хуулийн этгээд нь хориг арга хэмжээний болон дотоодын жагсаалтад орсон хүн, хуулийн этгээдийн шууд болон шууд бус өмчлөлд байгаа хөрөнгө, ашиг орлогын хөдөлгөөнийг тухайн этгээдэд урьдчилан мэдэгдэлгүйгээр нэн даруй зогсоож, тагнуулын байгууллага болон санхүүгийн мэдээллийн албанд даруй мэдэгдэнэ.” гэж заасан байна. Мөн тус журмын дагуу жагсаалтад орсон, хасагдсан хүн, хуулийн этгээд болон зогсоосон хөрөнгийг чөлөөлөх мэдээлэлтэй өөрийн харилцагчдын мэдээллийг тулгаж шалгасны үндсэн дээр үйлчилгээ үзүүлэх шаардлагатай.

Иймд мэдээлэх үүрэгтэй этгээд нь дээрх үүргийг биелүүлэхдээ дараах арга хэмжээг авна:

  • Харилцагч, үйлчлүүлэгчид үйлчилгээ үзүүлэхээс өмнө хориг жагсаалтад орсон эсэхийг тулгаж, шалгах
  • Харилцагч, үйлчлүүлэгчийн нэр хориг жагсаалттай таарсан тохиолдолд харилцагчид мэдэгдэлгүйгээр шууд болон шууд бус өмчлөл, эсхүл хяналтад байгаа хөрөнгийг нэн даруй царцааж, энэ тухай тагнуулын байгууллага болон санхүүгийн мэдээллийн албанд 24 цагийн дотор мэдээлэх;
  • Хориг арга хэмжээний жагсаалтад орсон хүн, хуулийн этгээдийн ашиг сонирхлын өмнөөс эсхүл шууд болон шууд бус, дангаар болон хэсэгчлэн хэлбэрээр хөрөнгө, санхүүгийн үйлчилгээ үзүүлэхийг хориглох.
  1. Харилцагч хориг арга хэмжээний жагсаалтад орсон хүн эсэхийг яаж мэдэх вэ?

Хориг арга хэмжээний жагсаалтад орсон хүн, хуулийн этгээдийн талаарх мэдээллийг НҮБ-ын алба ёсны цахим хуудас (https://www.un.org/securitycouncil/content/un-sc-consolidated-list) болон Тагнуулын ерөнхий газрын цахим хуудаснаас олж харах боломжтой.

Хэрэв та тухайн хүн, хуулийн этгээдийг хориг арга хэмжээний жагсаалтад орсон хүн, хуулийн этгээд мөн эсэхийг тогтоож чадахгүй, тогтоох боломжгүй байгаа тохиолдолд холбогдох туслалцаа дэмжлэгийг мэргэжлийн байгууллагаас хүсэж болно. Энэхүү хүсэлтийг Тагнуулын ерөнхий газар: amltf@gia.gov.mn Утас: 51263017 хаягаар хүргүүлж болно. Энэ тохиолдолд хэрэв танд тухайн хүн, хуулийн этгээдийн талаар эргэлзээтэй асуудал байгаа бол тавьсан хүсэлтийн хариуг иртэл тухайн хөрөнгийг царцаах нь зүйтэй. Хүсэлтэд хариу ирэхгүй байх нь таны хөрөнгө царцаах үүргээ биелүүлээгүй үйлдлийг хариуцлагаас чөлөөлөхгүйг анхаарна шаардлагатай.

  1. Хориг арга хэмжээний жагсаалтыг ямар эх үүсвэрээс олж авах боломжтой вэ?
  1. Харилцагч хориг арга хэмжээний жагсаалтад багтсан бол ямар арга хэмжээ авч, хаашаа мэдээлэх вэ?

Дараах тохиолдолд өөрийн хяналт, мэдэлд байгаа хөрөнгийг царцаах шаардлагатай:

  • НҮБ-ын АЗ болон Монгол Улсын Засгийн газраас баталсан хориг арга хэмжээний жагсаалтад орсон хүн, хуулийн этгээдийн дангаар болон хэсэгчилсэн, шууд болон шууд бус өмчлөл эсхүл хяналтад байгаа хөрөнгө
  • Хориг арга хэмжээний жагсаалтад орсон хүн, хуулийн этгээдийн нэрийн өмнөөс үйл ажиллагаа явуулж байгаа хүн, хуулийн этгээдийн дангаар болон хэсэгчилсэн, шууд болон шууд бус өмчлөл эсхүл хяналтад байгаа хөрөнгө
  • Хориг арга хэмжээний жагсаалтад орсон хүн, хуулийн этгээдийн удирдамжийн дагуу үйл ажиллагаа явуулж байгаа хүн, хуулийн этгээдийн дангаар болон хэсэгчилсэн, шууд болон шууд бус өмчлөл эсхүл хяналтад байгаа хөрөнгө

Царцаасан хөрөнгө, хөрөнгийн гүйлгээний талаарх мэдээллийг дараах эрх бүхий байгууллагын хаягаар 24 цагийн дотор хүргүүлнэ.

  •   Санхүүгийн мэдээллийн алба: fiu@mongolbank.mn; Утас: 450065
  •   Тагнуулын ерөнхий газар: amltf@gia.gov.mn Утас: 51263017

Мэдээлэх үүрэгтэй этгээд, тэдгээрийн хүлээх үүргийн талаар

  1. Мэдээлэх үүрэгтэй этгээд гэж хэн бэ? Ямар үүрэг хүлээдэг вэ?

Мэдээлэх үүрэгтэй этгээд гэдэгт Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-т заасанчлан дараах этгээдүүдийг ойлгоно. Үүнд:

  • банк;
  • банк бус санхүүгийн байгууллага;
  • даатгагч болон даатгалын мэргэжлийн оролцогч;
  • хөрөнгө оруулалтын сан, хөрөнгө оруулалтын менежментийн компани;
  • үнэт цаасны зах зээлд оролцогч мэргэжлийн байгууллага;
  • хадгаламж, зээлийн хоршоо;
  • үл хөдлөх эд хөрөнгө зуучлалын байгууллага;
  • 20 сая болон түүнээс дээших төгрөгийн бэлэн мөнгөний гүйлгээнд оролцсон үнэт металл, үнэт чулууны, эсхүл тэдгээрээр хийсэн эдлэлийн арилжаа эрхлэгч;
  • нотариатч, хуульч, эсхүл нягтлан бодогч зэрэг санхүүгийн зөвлөх үйлчилгээ үзүүлэгч

Мэдээлэх үүрэгтэй этгээд нь Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хууль, Үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэх болон терроризмтой тэмцэх тухай хуулиар заасан үүргийг үйл ажиллагаандаа мөрдөж ажиллана. Тухайлбал, дотоод хяналтын хөтөлбөр баталж, мөрдүүлэх, эрсдэлийн үнэлгээний тайлан боловсруулах,  харилцагчийг таньж мэдэх, тэдгээрийн эцсийн өмчлөгчийг тогтоох, санхүүгийн зорилтот хориг арга хэмжээг хэрэгжүүлэх, бэлэн мөнгөний, гадаад төлбөр тооцооны болон сэжигтэй гүйлгээний тайланг мэдээлэх, батлагдсан журмын дагуу тодорхой гүйлгээ, түүнд оролцогч талуудын тухай мэдээллийг эрх бүхий хууль сахиулах болон терроризмтой тэмцэх чиг үүрэг бүхий байгууллагад гаргаж өгөх, харилцагчийн талаар баримт, материалыг хадгалах болон хуульд заасан бусад үүргийг хэрэгжүүлнэ.

  1. Мэдээлэх үүрэгтэй этгээд энэ төрлийн гэмт хэргийг таньж мэдэх хамгийн энгийн арга юу вэ?

Мэдээлэх үүрэгтэй этгээд нь өдөр тутмын үйл ажиллагаандаа мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж ажилласнаар энэ төрлийн гэмт хэргийг таньж мэдэх боломжтой. Тухайлбал, харилцагчийг таньж мэдэх үйл ажиллагааг хэрэгжүүлснээр тухайн харилцагч гүйлгээг өөрийн хүслээр эсхүл бусад этгээдийн дарамт шахалтаар хийж байгаа эсэхийг түүний сэтгэл хөдлөл, царайны хувирал гэх мэт энгийн хүчин зүйлсээс илрүүлэх боломжтой. Мөн гүйлгээнд хяналт тавьж ажилласнаар ойр давтамжтай олон гүйлгээг мэдээлэх үүргийн босгонд хүргэхгүйгээр хийж байгаа эсэхийг илрүүлж болно. 

  1. Комплаенсын ажилтан гэж хэн бэ? Ямар үүрэг хүлээдэг вэ?

Комплаенсын ажилтан гэдэг нь тухайн мэдээлэх үүрэгтэй этгээдийн томилсон хараат бус, бие даасан ажилтан байх бөгөөд МУТС гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, илрүүлэх, зогсоох, үр дүнтэй арга хэмжээ авахад онцгой чухал үүрэг гүйцэтгэнэ.

Комплаенсын ажилтан нь байгууллагад МУТСТ соёлыг бий болгож хэвшүүлэх, байгууллагын дотоод МУТСТ бодлогын баримт бичгийг боловсруулах, эрсдэлийн үнэлгээг хийх, бүх ажилтнаар дотоод хяналтын хөтөлбөрийн хэрэгжилтийг хангуулах, тэднийг энэ чиглэлд чадавхжуулах, харилцагчтай цаашид бизнесийн харилцааг үргэлжлүүлэх эсэх шийдвэрийг гаргах, сэжигтэй гүйлгээг илрүүлэх, тайлагнах, бэлэн мөнгө болон гадаад төлбөр тооцооны тайланг СМА-нд гаргаж өгөх зэрэг байгууллагын дотоод МУТСТ ажиллагааг бүрэн хариуцна.

  1. Санхүүгийн бус бизнес, мэргэжлийн үйлчилгээ үзүүлэгч /СББМҮҮ/ гэж хэнийг хэлэх вэ?

Санхүүгийн бус бизнес, мэргэжлийн үйлчилгээ үзүүлэгч гэдэгт таван салбарыг хамруулан ойлгоно. Үүнд хуульч, норариатч, нягтлан бодогч, үл хөдлөх эд хөрөнгө зуучлагч болон үнэт металл, үнэт чулууны, эсхүл тэдгээрээр хийсэн арилжаа эрхлэгчдийн салбар багтана.

  1. Санхүүгийн бус бизнес, мэргэжлийн үйлчилгээ үзүүлэгч /СББМҮҮ/ ямар үүрэгтэй вэ?

Санхүүгийн бус бизнес, мэргэжлийн үйлчилгээ үзүүлэгчдийн салбар нь дээр дурдсан бусад санхүүгийн салбарын оролцогчдын адил үүргийг хэрэгжүүлнэ.

  1. Харилцагчийн мэдээллийг ямар хэлбэрээр, ямар хугацаанд хадгалах вэ?

Мэдээлэх үүрэгтэй этгээд нь харилцагчдын талаарх мэдээлэл, баримт бичгийн хуулбар, тэдний хийсэн гүйлгээний талаарх мэдээллийг гүйлгээ хийгдэж, үйлчилгээ үзүүлж дууссанаас хойш 5 жилийн хугацаанд хадгална. Ингэхдээ шүүхийн өмнө хүчин төгөлдөр байхаар буюу цаасан болон цахим гэх мэт хэлбэрээр хадгалж болно.

Мөн дараах нэмэлт тайлбарыг оруулах шаардлагатай.

  • Харилцагчийн мэдээллийг баталгаажуулахын тулд авч хэрэгжүүлсэн арга хэмжээ.
  • Харилцагчийн мэдээллийг баталгаажуулах үед гарсан аливаа зөрүүтэй мэдээллийг хэрхэн шийдвэрлэсэн байдал.

МУТС эрсдэлийн талаар

  1. Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэх салбарын эрсдэлийн үнэлгээ гэж юу вэ? Түүний ач холбогдол юу вэ?

 Бүх шатанд эрсдэлийн үнэлгээг хийх нь МУТСТ үйл ажиллагааны хүрээнд хамгийн үр дүнтэй арга юм. Эрсдэлийн үнэлгээг мэдээлэх үүрэгтэй этгээдийн хүрээнд, зохицуулагч байгууллагын хүрээнд /салбарын/, Үндэсний хүрээнд /бүх МэҮүЭт/ үнэлж, дүгнэдэг бөгөөд үүний үр дүнд эрсдэлийг илрүүлэх, цаашид авах арга хэмжээг тодорхойлох, эрсдэлийг бууруулах арга хэмжээ авах зэрэг богино болон урт хугацааны арга хэмжээг авч ажилладаг.

  1. Үйл ажиллагааны онцлог, салбар зэргээсээ хамаарч МУТС эрсдэлд хамгийн илүүтэй өртөх магадлалтай салбар нь аль вэ?

Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуульд заасан мэдээлэх үүрэгтэй этгээдүүдийг энэ төрлийн гэмт хэрэгт өртөх магадлалтай тул тус хуульд хамааруулсан. Энэ дотроо харилцагчдад данс нээн өгч мөнгө байршуулдаг, түүнийг хувиргадаг /виртуал хөрөнгө, гадаад валют, хувьцаа, алт г.м/, гуравдагч этгээдэд шилжүүлдэг зэрэг үйлчилгээ үзүүлэгчид эрсдэлтэйд тооцдог. Гэхдээ тухайн салбарын эрсдэлийг тодорхойлохдоо олон улсад хэрэглэдэг эрсдэлийг үнэлэх аргачлалын дагуу боловсруулдаг тул дээрхээс гадна олон хүчин зүйлсийг хамруулдаг.

  1. Санхүүгийн зохицуулах хорооны зүгээс мэдээлэх үүрэгтэй этгээдийн эрсдэлийг хэрхэн үнэлдэг вэ?
  • Байгууллагын бүтцийн эрсдэл

Үүнд тухайн байгууллагын хэмжээ, ажилчдын тоо, эзэмшлийн хэлбэр, үйл ажиллагаа явуулсан хугацаа зэрэг багтана.

  • Байгууллагын бизнесийн эрсдэл

Үүнд тухайн байгууллагын харилцагчдын төрөл, бүтээгдэхүүн үйлчилгээний эрсдэл, хүргэх сувгийн эрсдэл, газар зүйн байршлын эрсдэл зэргийг харгалзаж эрсдэлийг тооцдог

  •  Комплаенсын эрсдэл

Үүнд тухайн байгууллагын засаглал, удирдлагын зүгээс хэрхэн анхаарал хандуулдаг эсэх, Дүрэм журмын хүрээнд хэрхэн боловсруулж, мөрддөг эсэх, өөрийн байгууллагын эрсдэлийг хэрхэн үнэлж, эрсдэлд тохирсон арга хэмжээ авдаг талаар болон дотоод хяналтын хөтөлбөртэй холбоотой асуулгуудаар дүгнэдэг.

  1. Уг эрсдэлийн үнэлгээний асуулгыг хэрхэн бөглөн, ямар давтамжтайгаар ирүүлдэг вэ?

СЗХ-оос мэдээлэх үүрэгтэй этгээдийн эрсдэлийг хагас, бүтэн жилээр доорх шалгуурын хүрээнд үнэлж дүгнэдэг. Асуулгыг СЗХ-ны вебсайтад байршуулах бөгөөд бүртгэлтэй цахим хаягаар тухай бүр мэдээлэл илгээнэ.

Асуулга нь excel хэлбэртэй байх бөгөөд ихэнх асуултууд сонгох хариулттай байна. 

  1. Байгууллага өөрийн эрсдэлийг ямар аргачлал, журам, зааврын дагуу үнэлэх хэрэгтэй вэ?

Мэдээлэх үүрэгтэй этгээд өөрийн байгууллагын мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх эрсдэлийг үнэлэхдээ дараах байдлаар үнэлнэ. Үүнд:

  • Харилцагчийн эрсдэл

Харилцагчдын нэгдсэн судалгаанд үндэслэн эрсдэлтэй харилцагч (улс төрд нөлөө бүхий этгээд, гадаадын харилцагч, НҮБ-ын хоригт багтсан, 20 сая төгрөгөөс дээш бэлэн мөнгө шилжүүлэх/авах хүсэлтэй дотоод/гадаадын иргэн г.м) байдаг эсэхийг тодорхойлж, үүнд хэрхэн арга хэмжээ авч байгааг харгалзан эрсдэлийг тодорхойлно.

  • Бүтээгдэхүүн, үйлчилгээний эрсдэл

Салбарын эрсдэлийн үнэлгээгээр тодорхойлогдсон өндөр эрсдэлтэй бүтээгдэхүүн, үйлчилгээг олон нийтэд санал болгож байгаа эсэхэд үнэлэлт, дүгнэлт өгнө. Өндөр эрсдэлтэй бүтээгдэхүүн, үйлчилгээ гэдгийг өөрийн байгууллагын хэмжээнд мөн тодорхойлж болно. Ингэхдээ өөрийн байгууллагын санал болгож буй бүтээгдэхүүн, үйлчилгээ нь мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэх боломжтой юу гэдэгт хариу өгөх шаардлагатай. Хэрэв ийм төрлийн бүтээгдэхүүн, үйлчилгээ (мөнгөн гуйвуулга, зээл, хадгаламж, үл хөдлөх г.м) олон нийтэд санал болгодог бол энэ хэсгийг эрсдэлтэйд тооцно. 

  • Хүргэх арга, хэлбэрийн эрсдэл

Үүнд өөрийн байгууллагын санал болгож буй бүтээгдэхүүн, үйлчилгээ нь хэр баталгаажуулалт сайн хийж байгааг үнэлэх зорилготой. Тухайлбал зайнаас данс нээх, зээл олгох, хувьцааны арилжаанд оролцох нь өндөр эрсдэлтэйд тооцдог тул баталгаажуулалтыг найдвартай хийж байгаа эсэхэд хариулт өгөх шаардлагатай.

  • Газар зүйн байршлын эрсдэл

Үүнд өөрийн байгууллагын болон салбар нэгжийн үйл ажиллагаа явуулж буй байршил эрсдэлтэй бүсэд байгаа эсэхийг тодорхойлно. Тухайлбал, хилийн ойролцоо, гадаад иргэд болон бэлэн мөнгөний гүйлгээ хийдэг газар гэх мэт байршлуудыг эрсдэлтэйд тооцно.

МУТСТ дотоод хяналтын хөтөлбөрийн талаар

  1. Дотоод хяналтын хөтөлбөр гэж юу вэ?

МУТСТ дотоод хяналтын хөтөлбөр гэдэг нь мэдээлэх үүрэгтэй этгээдийн МУТСТ чиглэлээр авч хэрэгжүүлэх үйл ажиллагааны талаарх дотоод журам, дүрмийн цогц хөтөлбөр юм. Дотоод хяналтын хөтөлбөр нь хууль тогтоомжийг мөрдөхөөс гадна МУТС эрсдэлийг бууруулах, урьдчилан сэргийлэх зорилгоор үр дүнтэй арга хэмжээ авч хэрэгжүүлэх боломж

  1. Дотоод хяналтын хөтөлбөрийг боловсруулж, мөрдөх зорилго юу вэ?

Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.-т “Энэ хуулийн 4.1-д заасан этгээд нь түүний төлөөлөн удирдах зөвлөл, эсхүл түүнтэй адилтгах удирдлагаас баталсан мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэхэд чиглэсэн дотоод хяналтын болон эрсдэлийн удирдлагын хөтөлбөртэй байна.” гэж заасан.

  1. Дотоод хяналтын хөтөлбөрт ямар агуулгыг багтаах вэ?

Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-т заасны дагуу дотоод хяналтын хөтөлбөрт дараах агуулгыг багтаана:

  • харилцагч, бүтээгдэхүүн, үйлчилгээ, тэдгээрийг харилцагчид хүргэх үйл ажиллагаанд мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэх эрсдэлийг үнэлэх аргачлал;
  • өндөр эрсдэлтэй харилцагчийг таньж мэдэх нарийвчилсан үйл ажиллагааг хэрэгжүүлэх журам;
  • шинэ технологи болон өндөр эрсдэлтэй бүтээгдэхүүн, үйлчилгээ, тэдгээрийг харилцагчид хүргэх арга хэлбэрийн эрсдэлийг бууруулахад чиглэсэн арга хэмжээний зохицуулалт;
  • харилцагчийг таньж мэдэх үйл ажиллагаа, харилцагчийг таньж мэдэх нарийвчилсан үйл ажиллагааны журам;
  • харилцагчийг таньж мэдэх үйл ажиллагааг гуравдагч этгээдээр гүйцэтгүүлэхэд дагаж мөрдөх зохицуулалт;
  • Нэгдсэн Үндэстний Байгууллагын Аюулгүйн зөвлөл, төрийн болон олон улсын холбогдох байгууллагаас гаргасан хориг арга хэмжээг хэрэгжүүлэх зохицуулалт;
  • тусгайлан хяналт тавих үйл ажиллагааны журам;         
  • корреспондент банкны харилцаа тогтоох журам;
  • мөнгөн гуйвуулга, цахим төлбөр тооцоог гүйцэтгэхэд баримтлах журам;
  • сэжигтэй гүйлгээг илрүүлэх, мэдээллийн нууцлалыг хадгалах, Санхүүгийн мэдээллийн алба болон эрх бүхий бусад байгууллагад мэдээлэл өгөх, баримт бичиг шилжүүлэх, хадгалах журам;
  • Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хууль, дотоод хяналтын хөтөлбөрийн хэрэгжилтэд хяналт тавих эрх бүхий албан тушаалтныг томилох, чөлөөлөх журам, түүний эрх, үүрэг;
  • Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хууль, холбогдох бусад журмын хэрэгжилтийг хангахад чиглэсэн дотоод сургалтын хөтөлбөр;
  • хуульд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актад заасан бусад нөхцөл, шаардлага.

Дотоод хяналтын хөтөлбөрийг мэдээлэх үүрэгтэй этгээдийн эрсдэлийн үнэлгээ хийсэнд суурилж боловсруулах бөгөөд үйл ажиллагааны онцлог, цар хүрээ, эрсдэлийн төвшинг уялдуулсан байна.

  1. Дотоод хяналтын хөтөлбөрийг СЗХ-нд хүргүүлэх үү?

Тийм. Мэдээлэх үүрэгтэй этгээд дотоод хяналтын хөтөлбөрийг боловсруулж, ТУЗ эсвэл гүйцэтгэх удирдлагаар батлуулж, Санхүүгийн зохицуулах хороонд хүргүүлж, бүртгүүлнэ. Мэдээлэх үүрэгтэй этгээд дотоод хяналтын хөтөлбөрийг мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэх эрсдэлийн түвшинтэй уялдуулан шинэчилж байна. Шинэчилж батлах бүрт Санхүүгийн зохицуулах хороонд хүргүүлж, бүртгүүлнэ. 

  1. Дотоод хяналтын хөтөлбөрийг хэн мөрдөх вэ?

Дотоод хяналтын хөтөлбөрийн мэдээлэх үүрэгтэй этгээд буюу байгууллагын төвшний бүх шатанд дагаж мөрдөнө. Түүнчлэн мэдээлэх үүрэгтэй этгээдийн харьяалагддаг санхүүгийн нэгдэл, тэдгээрийн бүх салбар нэгж, охин компани нь нэгэн адил хэрэгжүүлнэ.

  1. Хувь хүмүүс дотоод хяналтын хөтөлбөр боловсруулж, хүргүүлэх шаардлагатай юу?

Мэдээлэх үүрэгтэй этгээд нь Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуульд заасан 20 сая төгрөг болон түүнээс дээш бэлэн мөнгөний гүйлгээнд оролцсон үнэт металл, үнэт чулууны, эсхүл тэдгээрээр хийсэн эдлэлийн арилжаа эрхлэгч нь МУТСТ үйл ажиллагаатай тэмцэх чиглэлээр баримтлах зарчим, эрсдэлийг бууруулах арга хэмжээг багтааж, хялбаршуулсан буюу үйл ажиллагааны цар хүрээтэй уялдуулсан дотоод хяналтын хөтөлбөрийг боловсруулж, Санхүүгийн зохицуулах хороонд хүргүүлнэ.

Сэжигтэй гүйлгээний талаар

  1. Сэжигтэй гүйлгээ гэж ямар гүйлгээг хэлэх вэ?

Сэжигтэй гүйлгээ гэдэг нь гэмт хэрэгтэн, түүний хамаарал бүхий этгээд хууль бус үйл ажиллагаанаас олсон орлогоо банк, санхүүгийн байгууллагад байршуулах, мөнгө угаах гэмт хэрэг үйлдэх оролдлого хийх үйлдэл юм.

  1. Сэжигтэй гүйлгээ МУТСТ ажилтай хэрхэн холбогддог вэ?

Мэдээлэх үүрэгтэй этгээдүүд сэжигтэй гүйлгээний, бэлэн мөнгөний, гадаад төлбөр тооцооны гүйлгээний мэдээллийг Санхүүгийн мэдээллийн албанд хүргүүлэх үүрэгтэй. Ингэснээр хүлээн авсан гүйлгээний мэдээлэлд Санхүүгийн мэдээллийн алба дүн шинжилгээ хийж, шаардлагатай тохиолдолд хууль сахиулах байгууллагуудад мэдээллийг дамжуулснаар гэмт хэргийг илрүүлэх, мөрдөн шалгах, хариуцлага хүлээлгэж, хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах боломжтой.

  1. Сэжигтэй үйлдлийг хэрхэн таних боломжтой вэ?

Сэжигтэй гүйлгээ гэж сэжиглэх олон төрлийн үндэслэл байх боломжтой. Тухайлбал, харилцагч, харилцагчийн гүйлгээ нь эдийн засгийн үндэслэл, уялдаа холбоогүй байх, харилцагчийг таньж мэдэх үед мэдээлэл өгөхөөс татгалзах, хөрөнгийн гарал үүслийн талаар мэдээлэл өгөхөөс татгалзах, уцаарлах, худал хуурамч, төөрөгдүүлсэн мэдээлэл өгөх, гүйлгээний утга, зорилго хэт нарийн төвөгтэй байх зэрэг олон төрлийн сэжиг бүхий үйлдлүүд гаргах боломжтой.

  1. Сэжигтэй гүйлгээний тайлан хүргүүлэхэд гүйлгээний хязгаар хамаатай юу?

Үгүй. Сэжигтэй гүйлгээний талаар мэдээлэхэд гүйлгээний хязгаар, үнийн дүн байхгүй бөгөөд зөвхөн гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлоготой холбоотой гэж сэжиглэсэн, мэдсэн тохиолдолд гүйлгээний талаарх мэдээллийг Санхүүгийн мэдээллийн албанд илгээнэ.

  1. Сэжигтэй гүйлгээний талаарх мэдээллийг ямар хугацааны дотор холбогдох байгууллагад мэдэгдэх ёстой байдаг вэ?

Мэдээлэх үүрэгтэй этгээд хөрөнгө, гүйлгээ, гүйлгээ хийх оролдлогыг МУТС, эсхүл гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлоготой холбоотой гэж сэжиглэсэн, эсхүл мэдсэн бол энэ тухай мэдээллийг 24 цагийн дотор сэжигтэй гүйлгээний тухай батлагдсан маягт, журмын дагуу Санхүүгийн мэдээллийн албанд мэдээлнэ. Ингэхдээ гүйлгээний мэдээллийг холбогдох баримт бичиг, нэмэлт мэдээллийг хавсаргаж хүргүүлнэ.

  1. Сэжигтэй гүйлгээний тайланг хүргүүлэхэд юү анхаарах вэ?

Сэжигтэй гүйлгээг хуулийн хугацаа буюу 24 цагийн дотор хүргүүлэх шаардлагатай. Ингэхдээ тайлангийн нууцлалыг хангаж, улс орны нэр болон валютын төрлийг товчилсон стандартын дагуу эмх цэгцтэй ойлгомжтой бөглөж, сэжигтэй гүйлгээний тайлангийн маягтыг бөглөх, сэжиглэх болсон үндэслэл, үүссэн нөхцөл байдал, гүйлгээ, харилцагчийн талаар нэмэлт баримт бичгийг хавсаргаж ирүүлнэ.

  1. Харилцагчийн хийсэн гүйлгээ, данс болон харилцагчийн талаарх мэдээлэл, баримт бичгийг данс хаасан эсвэл гүйлгээ хийгдсэнээс хойш ямар хугацаанд хадгалах ёстой байдаг вэ?

Мэдээлэх үүрэгтэй этгээд харилцагчийн хийсэн гүйлгээ, данс болон харилцагчийн талаарх мэдээлэл, баримт бичгийг тухайн данс хаагдсан, эсхүл гүйлгээ хийгдсэнээс хойш таваас доошгүй жилийн хугацаанд хадгална. Ингэхдээ баримт материалыг аюулгүй орчинд, эмх цэгцтэй, эрх бүхий хууль сахиулах байгууллагад гаргаж өгөхөд шуурхай гаргаж өгөхөд бэлэн байдалтай хадгална.

  1. Мэдээллийн нууцлалыг хадгалах үүргийг хэн, хэрхэн яаж биелүүлэх вэ?

Мэдээлэх үүрэгтэй этгээд, түүний удирдлага, ажилтан нь Санхүүгийн мэдээллийн албанд мэдээлсэн гүйлгээтэй холбоотой аливаа мэдээллийг энэ хуулийн эрх бүхий хууль сахиулах болон терроризмтой тэмцэх чиг үүрэг бүхий байгууллагаас бусад этгээдэд дамжуулах, задруулахыг хориглоно.

Бэлэн мөнгөний гүйлгээний талаар

  1. Бэлэн мөнгөний гүйлгээ гэж ямар гүйлгээг хэлэх вэ?

Мөнгө угаах болон терроризм санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн 3.1.3. дүгээр заалтад тодорхойлсноор “бэлэн мөнгөний гүйлгээ” гэж үндэсний болон гадаад улсын мөнгөн тэмдэгт, түүнчлэн олон улсын төлбөр тооцоонд түгээмэл хэрэглэгддэг чек, вексель, үнэт цаас ашиглаж хийсэн гүйлгээг хэлнэ.

  1. Бэлэн мөнгөний гүйлгээний тайланг яаж хүргүүлэх вэ?

Мөнгө угаах болон терроризм санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн 4.1 дүгээр зүйлд заасан мэдээлэх үүрэгтэй этгээд нь Монголбанкны Ерөнхийлөгчийн 2019 оны 12 дугаар сарын 25-ний өдрийн A-326 тоот тушаалаар баталсан “Санхүүгийн мэдээллийн албанд мэдээлэх үүрэгтэй этгээдээс цахимаар мэдээлэл ирүүлэх журам”-д заасны дагуу 20 сая төгрөг (түүнтэй тэнцэх хэмжээний гадаад валют) болон түүнээс дээш дүнтэй бэлэн мөнгөний гүйлгээний мэдээллийг гүйлгээг тус журмын 1 дүгээр Хавсралтад заасан маягтын дагуу Санхүүгийн мэдээллийн албанд хүргүүлнэ.

  1. Бэлэн мөнгөний тайланг ямар хугацаанд хүргүүлэх ёстой вэ?

Мөнгө угаах болон терроризм санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн 7.1. дэх заалтын дагуу тус хуулийн 4.1-д заасан этгээд 20 сая төгрөг, түүнээс дээш үнийн дүнтэй бэлэн мөнгөний болон гадаад төлбөр тооцооны гүйлгээний тухай мэдээллийг гүйлгээ хийгдсэнээс хойш ажлын таван өдрийн дотор батлагдсан маягт, журмын дагуу Санхүүгийн мэдээллийн албанд мэдээлэх үүрэгтэй.

  1. Гадаад төлбөр тооцооны гүйлгээг мэдээлэх үү?

Монголбанкны Ерөнхийлөгчийн 2019 оны 12 дугаар сарын 25-ний өдрийн A-326 тоот тушаалаар баталсан “Санхүүгийн мэдээллийн албанд мэдээлэх үүрэгтэй этгээдээс цахимаар мэдээлэл ирүүлэх журам”-ын 2.1.2 дугаар заалтын дагуу 20 сая төгрөг болон түүнээс дүнтэй гадаад төлбөр тооцооны гүйлгээний мэдээллийг гүйлгээ хийгдсэнээс хойш ажлын 5 өдрийн дотор Гадаад төлбөр тооцооны гүйлгээний тайлангийн маягт (тус журмын Хавсралт 2)-ын дагуу Санхүүгийн мэдээллийн албанд мэдээлэх үүрэгтэй.

  1. Гүйлгээний хяналт гэж юү вэ? Хэрхэн яаж хэрэгжүүлэх вэ?

Мөнгө угаах болон терроризм санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн 4.1-т заасан мэдээлэх үүрэгтэй этгээд нь тус хуулийн 6.1 дэх заалтын дагуу дараах гүйлгээнд тусгайлан хяналт тавих үүрэгтэй байдаг.

Үүнд: 1) огцом өөрчлөгдсөн их дүнтэй 2) эдийн засаг, хууль зүйн илт үндэслэлгүй 3) улс төрд нөлөө бүхий этгээдийн нэр дээр хийсэн 4) мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх чиг үүрэг бүхий олон улсын байгууллагаас мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх хяналтын хангалтгүй тогтолцоотой гэж тодорхойлогдсон улсаар дамжуулан хийсэн. Эдгээр гүйлгээний талаар нэмэлт мэдээлэл, тайлбар гаргуулах, гүйлгээ, бизнесийн харилцааны зорилго, мөн чанарыг боломжийн хүрээнд шалгаж, үр дүнг бичгээр хадгалах үүргийн мөн мэдээлэх үүрэгтэй этгээд хүлээдэг.

Сэжигтэй гүйлгээ, 20 сая төгрөг, түүнээс дээш үнийн дүнтэй бэлэн мөнгөний болон гадаад төлбөр тооцооны гүйлгээний мэдээллийг Санхүүгийн мэдээллийн албанд мэдээлэхээс гадна дээр дурдсан гүйлгээнд тусгайлан хяналт хийх шаардлагатай байдаг. Эдгээр үүргийг хэрэгжүүлэхийн тулд мэдээлэх үүрэгтэй этгээд нь тогтмол гүйлгээнд холбогдох хяналтыг тавьж байх шаардлагатай. Олон харилцагчтай, өргөн цар хүрээний үйл ажиллагаа явуулдаг байгууллагын хувьд гүйлгээнд хяналт тавих тусгай системтэй байх хэрэгтэй. Харин цөөн тооны харилцагчтай, хязгаарлагдмал бүтээгдэхүүн, үйлчилгээ үзүүлэх тохиолдолд харилцагчийн хийсэн гүйлгээ, данс болон харилцагчийн талаар олж авсан мэдээлэл, баримт бичгийг тухайн данс хаагдсан, эсхүл гүйлгээ хийгдсэнээс хойш таваас доошгүй жилийн хугацаанд хадгална.

Харилцагчийг таньж мэдэх үйл ажиллагааны талаар

  1. Харилцагчийг таньж мэдэх үйл ажиллагаа гэж юу вэ?

Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-т мэдээлэх үүрэгтэй этгээд нь харилцагчийг албан ёсны эх сурвалж, баримт бичиг, мэдээ, мэдээллийн эх үүсвэр ашиглан таньж мэдэх үүрэгтэй хэмээн заасан байдаг. Харилцагчаа таньж мэдэх гэдэг нь мэдээлэх үүрэгтэй этгээд өөрийн харилцагч болон түүнтэй үүсгэж байгаа бизнесийн харилцааг удирдан хянаж байгаа эсвэл үр ашгийг хүртэж байгаа эцсийн өмчлөгчийг таньж мэдэх үйл ажиллагаа юм. Харилцагчийг таньж мэдэхийн зорилго нь мэдээлэх үүрэгтэй этгээд харилцагч болох гэж буй этгээдтэй хамтрах эсэх, мөн хамтран ажиллах болсны дараа тухайн харилцагчтай харьцах харилцаагаа хэрхэн хянах талаар зохистой шийдвэр гаргахад туслах юм.

Мэдээлэх үүрэгтэй этгээд нь дараах тохиолдлуудад харилцагчийг таньж мэдэх үйл ажиллагааг хэрэгжүүлнэ. Үүнд:

  • Шинээр бизнесийн харилцаа үүсгэхийн өмнө;
  • Дансгүй, эсхүл санхүүгийн тогтвортой харилцаа үүсгээгүй этгээд тохиолдлын чанартайгаар 20 сая төгрөг /түүнтэй тэнцэх хэмжээний гадаад валют/, түүнээс дээш үнийн дүнтэй гүйлгээ хийхийн өмнө;
  • Харилцагчийн 24 цагийн дотор хийсэн, хоорондоо холбоо бүхий хэд хэдэн удаагийн гүйлгээний тус бүрийн үнийн дүн нь 20 сая төгрөгөөс бага боловч нийт үнийн дүн нь 20 сая төгрөг /түүнтэй тэнцэх хэмжээний гадаад валют/, түүнээс дээш үнийн дүнтэй бол;
  • Харилцагчийн талаар өмнө авсан мэдээллийн үнэн зөв эсэхэд эргэлзсэн тохиолдолд;
  • Тухайн харилцагч, тухайн гүйлгээг мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэх үйл ажиллагаатай холбоотой гэж сэжиглэсэн тохиолдолд.
  1. Өндөр эрсдэлтэй харилцагч гэж хэнийг хэлэх вэ?

Өндөр эрсдэлтэй харилцагч гэдэгт тухайн этгээдийн хийсэн эрсдэлийн үнэлгээгээр өндөр эрсдэлтэй гарсан харилцагчийг ойлгохоос гадна улс төрд нөлөө бүхий этгээд, МУТСТ чиг үүрэг бүхий олон улсын байгууллагаас хяналтын хангалтгүй тогтолцоотой гэж зарлагдсан улсын хүн, хуулийн этгээд, МУТСТ үндэсний эрсдэлийн үнэлгээгээр өндөр эрсдэлтэй гэж гарсан салбарт үйл ажиллагаа эрхэлж буй хүн, хуулийн этгээдийг өндөр эрсдэлтэй харилцагчийн нэгэн адил авч үзнэ.

Үүнээс гадна дараах хэд хэдэн тохиолдлыг өндөр эрсдэлтэй гэж үзэн нарийвчилсан үйл ажиллагааг хэрэгжүүлэх буюу нэмэлт мэдээлэл шаардах, хяналтын давтамжийг нэмэгдүүлэх, мөн цаашид бизнесийн харилцааг үргэлжлүүлэх эсэх шийдвэр гаргана. Үүнд:

  • Дээр дурдсан харилцагчид гүйлгээ хийх;
  • Огцом өөрчлөгдсөн их дүнтэй, эдийн засаг, хууль зүйн илт үндэслэлгүй, улс төрд нөлөө бүхий этгээдийн нэр дээр хийсэн, МУТСТ хяналтгүй тогтолцоотой гэж тодорхойлогдсон улсаар дамжуулан хийгдсэн гүйлгээнүүд;
  • харилцагчийн эцсийн өмчлөгч нь УТНБЭ;
  • харилцагчийг таньж мэдэх үйл ажиллагааг гуравдагч этгээдээр дамжуулан хийсэн эсхүл зайнаас бизнесийн харилцаа үүсгэсэн гүйлгээ.
  1. Улс төрд нөлөө бүхий этгээд гэж хэн бэ?

Улс төрд нөлөө бүхий этгээд гэдэгт Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын гишүүн, Монгол Улсын Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүн, Үндсэн хуулийн цэцийн гишүүн, Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч, Улсын дээд шүүхийн шүүгч, Улсын ерөнхий прокурор, Улсын Их Хуралд ажлаа шууд хариуцан тайлагнадаг байгууллагын дарга, аймаг, нийслэлийн Засаг дарга, аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн дарга, яамны Төрийн нарийн бичгийн дарга, Засгийн газрын агентлагийн дарга, төрийн өмчит компани, олон улсын байгууллагын дарга, захирлын албан тушаал эрхэлж байсан болон эрхэлж байгаа хүн, эсхүл түүнтэй хамаарал бүхий этгээд нээлттэй тендер шалгаруулалтаар шийдвэрлэснээс бусад тохиолдолд төрийн болон орон нутгийн хэрэгцээнд бараа, ажил, үйлчилгээ худалдан авагч, төрийн санхүүгийн нөөц бүрдүүлэгч, төрөөс баталгаа гаргасан зээл хүртэгч аж ахуйн нэгжийн хувь, хөрөнгө эзэмшигч, хамтрагч, эсхүл эдгээрийг гүйцэтгэж байгаа хувиараа аж ахуй эрхлэгч, эсхүл гадаад улсын түүнтэй адилтгах албан тушаалтан, олон улсын байгууллагын албан тушаалтныг хэлнэ.

Дээрх улс төрд нөлөө бүхий этгээдийн гэр бүлийн гишүүд, хамаарал бүхий этгээд болон нэгдмэл сонирхолтой этгээдийг улс төрд нөлөө бүхий этгээдийн нэгэн адил авч үзнэ.

  1. Улс төрд нөлөө бүхий этгээдийг хэрхэн яаж таних вэ?

Улс төрд нөлөө бүхий этгээдийг танихдаа мэдээлэх үүрэгтэй этгээд өөрт байгаа мэдээллийн бүхий л боломжит урсгалыг ашиглан дотоод жагсаалтыг баталж болно. Тухайлбал, хөрөнгө, орлогын мэдүүлэг, УИХ-ын гишүүдийн жагсаалт ашиглах боломжтой. Мөн мэдээлэх үүрэгтэй этгээдүүдэд зориулан гаргасан хувийн компанийн программ хангамж байдаг.

Мэдээлэх үүрэгтэй этгээд нь дотоод хяналтын хөтөлбөртөө улс төрд нөлөө бүхий этгээд, түүний гэр бүлийн гишүүд болон нэгдмэл сонирхолтой этгээдийг тодорхойлох, тэдгээрийг харилцагчийг таньж мэдэх нарийвчилсан үйл ажиллагаанд хамруулах, тэдгээрийн нэр дээр хийгдэж байгаа гүйлгээнд тусгайлан хяналт тавих арга хэмжээг багтаана.

  1. Байгууллага, аж ахуйн нэгжүүд өндөр эрсдэлтэй харилцагчийг хэрхэн таньж мэдэх вэ?

Мэдээлэх үүрэгтэй этгээд нь өөрийн харилцагчийн эрсдэлийг үнэлж тухайн эрсдэлийн түвшинд тохирсон хэлбэрээр харилцагчийг таньж мэддэг. Тухайлбал бага эрсдэлтэй харилцагчид харилцагчийг таньж мэдэх хялбаршуулсан үйл ажиллагааг хэрэгжүүлэх бол, дундаж эрсдэлтэй харилцагчид стандарт үйл ажиллагаа, өндөр эрсдэлтэй харилцагчид нарийвчилсан үйл ажиллагааг хэрэгжүүлнэ.

  1. Хэрэв өндөр эрсдэлтэй харилцагчийг таньж мэдсэн тохиолдолд ямар арга хэмжээг нэн түрүүнд авах ёстой байдаг вэ?

Харилцагчийг өндөр эрсдэлтэй гэж үзсэн тохиолдолд дараах арга хэмжээнүүдийг хэрэгжүүлбэл зохино. Үүнд:

  • Тухайн харилцагчийн эрхэлж буй ажил, бизнес, хөрөнгийн эх үүсвэр, гүйлгээний зориулалт, утга зэрэгтэй холбоотой нэмэлт мэдээллийг гаргуулж авах, боломжийн хэмжээнд эдгээр мэдээллийн үнэн бодит байдлыг нягтлах;
  • Тухайн харилцагчтай бизнесийн харилцааг цаашид үргэлжлүүлэх эсэх талаар Гүйцэтгэх удирдлагын зөвшөөрлийг авах;
  • Харилцагчийн данс, гүйлгээнд тавих хяналт давтамжийг нэмэгдүүлэх, хяналтын цар хүрээг өргөжүүлэн харилцаж байгаа бусад этгээдийг хяналтад хамруулах, харилцагчийг таньж мэдэх зорилгоор харилцагчаас гаргуулан авах мэдээллийг эргэж хянах;
  • Харилцагчийг таньж мэдэх нарийвчилсан үйл ажиллагаатай холбоотой бусад журам, зааврын шаардлагуудыг биелүүлэх.

Харилцагчийг таньж мэдэх нарийвчилсан үйл ажиллагааг өндөр эрсдэлтэй харилцагчид бүтээгдэхүүн, үйлчилгээ авах бүрт нь холбогдох нэмэлт мэдээллийг гаргуулан авах, өмнө нь өгсөн мэдээлэлд гарсан өөрчлөлтийг тусгах замаар байнгын үргэлжлэн хэлбэрээр хэрэгжүүлнэ.

  1. Байгууллага, аж ахуйн нэгжүүд шинэ харилцагчтай бизнесийн харилцаа тогтоох, шинээр данс нээхэд ямар шаардлага тавигдах вэ?

Шинээр данс нээж бизнесийн харилцаа тогтоохдоо харилцагч иргэн, хуулийн этгээдээс шалтгаалан түүнээс авах мэдээлэл хоорондоо ялгаатай байна. Тухайлбал:

  • Харилцагч иргэн бол түүний овог нэр, төрсөн он, сар, өдөр, иргэний үнэмлэх эсхүл гадаад паспортын хуулбар, хэрэв баримт бичгийг шуудангаар ирүүлсэн бол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарыг гаргуулж авах;
  • Харилцагч хуулийн этгээд тохиолдолд түүний нэр, оршин байгаа газрын хаяг, улсын бүртгэлийн болон татвар төлөгчийн дугаар, харилцах утасны дугаар, улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, эцсийн өмчлөгчийн талаар мэдээлэл, хэрэв баримт бичгийг шуудангаар ирүүлсэн бол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, удирдлагын талаарх дэлгэрэнгүй танилцуулгыг гаргуулж авна.

Мөн эцсийн өмчлөгчийн нэрийн өмнөөс данс нээж, гүйлгээ хийж байгаа эсэхийг мэдэх, ойлгох зорилгоор тухайн бизнесийн харилцааны зорилго, гүйлгээний утга, эцсийн хүлээн авагчийн тухай мэдээллийг тодруулна.

Мэдээлэх үүрэгтэй этгээд шинэ харилцагчтай бизнесийн харилцаа үүсгэхдээ тухайн харилцагчийн талаарх дээрх мэдээллүүдийг агуулсан эрсдэлийн хувийн хэрэг бүрдүүлнэ.

Харилцагчийг таньж мэдэхтэй холбоотой мэдээллийг харилцагчтай харилцан ярилцах, албан бичиг болон утсаар харилцах, тодорхойлолт (томоохон дансанд зориулсан), зарим тохиолдолд мэдээлэх үүрэгтэй этгээдийн төлөөлөгчийн үйл ажиллагаа эрхэлж буй газар дээр очих байдлаар тодорхой болгож болно. Түүнчлэн гуравдагч этгээдээс гаргасан лавлагаа эсхүл олон нийтийн мэдээллээс (интернет эсхүл арилжааны мэдээллийн сан) хайх аргыг ашиглаж болно.

Хэрэв тухайн харилцагчийн өгсөн мэдээлэл худал гэдэг нь тогтоогдсон, эсхүл мэдээлэл өгөхөөс татгалзсан тохиолдолд мэдээлэх үүрэгтэй этгээд нь үйлчилгээ үзүүлэхээс татгалзаж Санхүүгийн мэдээллийн албанд 24 цагийн дотор сэжигтэй гүйлгээний тайлангаар мэдээлнэ. 

Эцсийн өмчлөгчийг тогтоох

  1. Эцсийн өмчлөгч гэж хэн бэ?

Эцсийн өмчлөгч гэж мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуульд зааснаар:

3.1.6.а.харилцагч нь хуулийн этгээд бол тухайн хуулийн этгээдийн хөрөнгийн дийлэнх хэсгийг дангаараа, эсхүл бусадтай хамтран өмчилж байгаа, эсхүл тухайн хуулийн этгээдийн үйл ажиллагааг удирдан чиглүүлж, эсхүл өөрийн үйлдлийг бусдаар төлөөлүүлэн хийлгэж байгаа, эсхүл хуулийн этгээдийг болон уг хуулийн этгээдээс хийх аливаа хэлцэл, түүнийг хэрэгжүүлэх үйл ажиллагааг удирдах замаар тухайн хуулийн этгээдийг өмчилж үр шим, ашиг орлогыг хүртэж байгаа хүнийг;

3.1.6.б.харилцагч нь хувь хүн бол тухайн хүний үйлдэл, үйл ажиллагааг удирдан чиглүүлж, эсхүл тухайн хүнээр өөрийн үйлдлийг төлөөлүүлэн хийлгэж үр шим, ашиг орлогыг хүртэж байгаа хүнийг;

3.1.6.в.хөрөнгийг удирдах хэлцлийн хувьд тухайн хөрөнгө итгэмжлэн удирдах хэлцлийн үндсэн дээр үр шим, ашиг орлогыг хүртэж байгаа хүнийг;

  1. Эцсийн өмчлөгчийг хэрхэн яаж тогтоох вэ?

Мэдээлэх үүрэгтэй этгээдтэй үүсгэж буй бизнесийн харилцааны зорилго, хөрөнгө, орлогын гарал үүсэл, харилцагчийн эрхэлдэг ажил, бизнесийн цар хүрээний талаар мэдээлэл гаргуулах шаардлагатай. Ингэхдээ харилцагчийг таньж мэдэх үйл ажиллагааны асуулгын хүрээнд тодорхойлно.

  1. Өөрийн байгууллагын эцсийн өмчлөгчийг хаана, яаж бүртгүүлэх вэ?

Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.14-т “хуулийн этгээдийн эцсийн өмчлөгч болон түүний хувьцаа, хувь оролцоо, саналын эрхийн талаарх мэдээлэл.” гэж, мөн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2.10-т “хуулийн этгээдийн хувьд эцсийн өмчлөгч болон түүний хувьцаа, хувь оролцоо, саналын эрхийн талаарх мэдээлэл.” гэж тус тус өөрчилсөн. Иймд УБ-12 маягт, Улсын бүртгэлийн гэрчилгээ /эх хувь/, Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Эцсийн өмчлөгч нь гадаадын иргэн бол паспортын хуулбар зэргийг бүрдүүлэн Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газарт хандан бүртгүүлнэ.

Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлах утас: 11-351416, 7011-3937

  1. Өөрийн байгууллагын эцсийн өмчлөгч өөрчлөгдсөн тохиолдолд хаана хандах вэ?

Өөрийн байгууллагын эцсийн өмчлөгчийн мэдээлэл өөрчлөгдсөн тохиолдолд Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газартай холбогдож УБ-12 маягтыг шинээр бөглөнө.

Хууль тогтоомж зөрчсөн тохиолдолд хүлээлгэх хариуцлагын талаар

  1. Хэрэв мэдээлэх үүрэгтэй этгээд хуульд заасан үүргээ биелүүлээгүй бол ямар хариуцлага хүлээлгэх вэ?

Мэдээлэх үүрэгтэй этгээд Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэх, Үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэхтэй тэмцэх тухай хууль тогтоомжид заасан үүргээ биелүүлээгүй тохиолдолд дээрх хууль болоод Зөрчлийн тухай, цаашлаад Эрүүгийн хуульд заасан арга хэмжээг тус тус авч, хуулийн хэрэгжилтийг хангуулна.

  1. МУТСТ-тэй холбоотой хууль тогтоомжийг зөрчсөн тохиолдолд ямар хуулиар хариуцлага хүлээлгэх вэ?

Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн тохиолдолд Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн 23 дугаар зүйл, Зөрчлийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.29, Эрүүгийн хуулийн 18 дугаар зүйлийн 18.6-д заасны дагуу хариуцлага хүлээлгэнэ. Харин Үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэх болон терроризмтой тэмцэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн тохиолдолд тус хуулийн 25 дугаар зүйл, Зөрчлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.10 зүйл, Эрүүгийн хуулийн 29 дүгээр зүйлийн 29.11-д заасны дагуу хариуцлага хүлээлгэнэ.

  1. Санхүүгийн зорилтот хориг арга хэмжээний жагсаалтад багтсан этгээдэд үйлчилгээ үзүүлсэн бол хуулийн хариуцлага хүлээх үү?

Тийм. Зөрчлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.10-ын 2-т “Хориг арга хэмжээний болон дотоодын жагсаалтад орсон хүн, хуулийн этгээдийг шууд болон шууд бусаар санхүүжүүлэх, эсхүл түүнд эдийн засгийн эх үүсвэр олгох, санхүүгийн болон бусад бүх төрлийн үйлчилгээ, туслалцаа, дэмжлэг үзүүлсэн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол зөрчил үйлдэхэд ашигласан хөрөнгө, орлогыг хурааж хүнийг хорин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр зуун мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.” гэж заасан.

  1. Дотоод хяналтын хөтөлбөр боловсруулаагүй бол хуулийн хариуцлага хүлээх үү?

Тийм. Зөрчлийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.29-ийн 19.1-д “дотоод хяналтын хөтөлбөрийг баталж бүртгүүлээгүй … бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.;” гэж заасан.

  1. Харилцагчийг таньж мэдэхийн арга хэмжээг авч хэрэгжүүлээгүй бол хуулийн хариуцлага хүлээх үү?

Тийм. Зөрчлийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.29-ийн 3-т “Мэдээлэх үүрэгтэй этгээд нь хуульд заасны дагуу харилцагчийг албан ёсны эх сурвалж, баримт бичиг, мэдээ, мэдээллийн эх үүсвэр ашиглан таньж мэдэх үүргээ биелүүлээгүй бол зөрчилтэй гүйлгээний үнийн дүнтэй тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг хурааж хүнийг нэг мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг арван таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.” гэж заасан. Түүнчлэн тус хуулийн 11 дүгээр зүйлийн 21-д “Хуульд заасан харилцагчийг таньж мэдэх, тусгайлан хяналт тавих, гүйлгээний талаар мэдээлэх, харилцагчийн талаархи баримт материалыг хадгалахтай холбоотой үүргийг биелүүлээгүй бол хүнийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.” гэж заасан.

  1. Эцсийн өмчлөгчийг тогтоох талаар хуульд заасан үүргийг биелүүлээгүй хуулийн хариуцлага хүлээх үү?

Тийм. Зөрчлийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.29-ийн 2-т “Эцсийн өмчлөгчийг тогтоох талаар хуульд заасан зохицуулалтыг зөрчсөн бол зөрчилтэй гүйлгээний үнийн дүнтэй тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг хурааж хүнийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг тавин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.” гэж заасан.

  1. Сэжигтэй/бэлэн мөнгөний гүйлгээг мэдээлэх үүргийг хэрэгжүүлээгүй бол хуулийн хариуцлага хүлээх үү?

Тийм. Зөрчлийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.29-ийн 20-д “Гүйлгээний талаар мэдээлэх, сэжигтэй гүйлгээний тухай мэдээлэл, хөрөнгө битүүмжлэх, түдгэлзүүлэхтэй холбоотой хуульд заасан бусад үүргээ биелүүлээгүй бол зөрчилтэй гүйлгээний үнийн дүнтэй тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг хурааж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг тавин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.” гэж заасан.

  1. Мэдээллийн нууцлалыг хадгалах үүргийг хэрэгжүүлээгүй бол хуулийн хариуцлага хүлээх үү?

Тийм. Зөрчлийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.29-ийн 10-т “Мэдээллийн нууцлалыг хадгалах талаар хуульд заасныг зөрчсөн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг тавин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.” гэж заасан.

  1. Нэргүй эсвэл хуурамч нэрээр гүйлгээ хийсэн бол хуулийн хариуцлага хүлээх үү?

Тийм. Зөрчлийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.29-ийн 1.1-т “нэргүй, дугаарласан, хуурамч нэрээр данс нээх, эсхүл гүйлгээ хийх...бол зөрчилтэй гүйлгээний үнийн дүнтэй тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг хурааж хүнийг хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хорин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заасан.

  1. Харилцагчийн мэдээллийг 5-с доош жил хадгалсан буюу хугацаанаас өмнө устгасан бол хуулийн хариуцлага хүлээх үү?

Тийм. Зөрчлийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.29-ийн 21-т “Хуульд заасан харилцагчийг таньж мэдэх, тусгайлан хяналт тавих, гүйлгээний талаар мэдээлэх, харилцагчийн талаарх баримт материалыг хадгалахтай холбоотой үүргийг биелүүлээгүй бол хүнийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.” гэж заасан.

СЗХ-ны үүрэг, оролцооны талаар

  1. Манай улсад Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажлыг ямар, ямар байгууллага хийдэг вэ?

Монгол Улсад Мөнгө угаах хуулиар “Мэдээлэх үүрэгтэй этгээд”-д энэхүү хуулийн дагуу хяналт тавих эрхийг эрх бүхий төрийн байгууллагад олгосон байдаг. Монголбанк нь зохицуулалттай арилжааны банкнууддаа энэ хуулийн хэрэгжилтийг хангуулдаг бол Санхүүгийн зохицуулах хороо нь өөрийн зохицуулалттай бүх мэдээлэх үүрэгтэй этгээдэд Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулиар хүлээсэн үүргийн хэрэгжилтэд хяналд тавьдаг байна. Ингэхдээ уг хяналт шалгалтыг эрсдэлд суурилсан хэлбэрээр хэрэгжүүлдэг байна.

Мөн мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх үндэсний хөтөлбөрийг боловсруулж, Засгийн газраар батлуулах, түүний хэрэгжилтийг хангах арга хэмжээг авч хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий Үндэсний зөвлөл, Санхүүгийн мэдээллийн албаны дэргэд мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах, мэдээлэл солилцох, эрсдэлийг бууруулах, урьдчилан сэргийлэх талаар зөвлөмж гаргах чиг үүрэг бүхий Хамтын ажиллагааны зөвлөл ажилладаг.

  1. Мөнгө угаахтай тэмцэх ажлын хүрээнд Санхүүгийн зохицуулах хороо ямар үүрэг хүлээж, ямар ажлыг гүйцэтгэдэг вэ?

Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн дагуу Санхүүгийн зохицуулах хороо өөрийн зохицуулалттай мэдээлэх үүрэгтэй этгээдийн МУТСТ үйл ажиллагаанд эрсдэлд суурилсан хэлбэрээр хяналт тавих, эрсдэлийн үнэлгээг хийх, энэ төрлийн гэмт хэргээс сэргийлэхэд чиглэсэн сургалт, урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг явуулж, соён гэгээрүүлэх үйл ажиллагааг тогтмол зохион байгуулах зэргээр тасралтгүй үйл ажиллагааг хэрэгжүүлдэг байна. Мөн холбогдох хууль тогтоомжийн хүрээнд хууль зөрчсөн үйлдэл, алдаа дутагдалд холбогдох хариуцлагын арга хэмжээг эрх хэмжээний хүрээнд авдаг.

  1. Санхүүгийн зохицуулах хороо энэ чиглэлээр төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудтай хэрхэн хамтарч ажилладаг вэ?

МУТСТ үйл ажиллагаа нь зөвхөн нэг талын хүчин зүтгэлээр бүрэн биелэгдэж, үр дүн гарахгүй бөгөөд Санхүүгийн зохицуулах хороо нь төрийн байгууллагуудтай уялдаа холбоотой ажиллахаас гадна зохицуулалттай этгээдүүд, тэдгээрийн хамаарал бүхий мэргэжлийн холбоод, хөндлөнгийн судалгаа шинжилгээний байгууллага болон МУТСТ чиглэлийн үйл ажиллагаа явуулж буй хувийн хэвшлийн төлөөлөлтэй хамтран ажиллахыг эрхэмлэдэг.

  1. Эрсдэлд суурилсан хяналт шалгалтыг хэрхэн хийдэг вэ?

Эрсдэлд суурилсан хяналт шалгалт гэдэг нь байгууллагын гүйцэтгэл, зохистой байдлыг харгалзах бус тухайн байгууллагын эрсдэлийг тодорхойлж, эрсдэлийн түвшинг үнэлсний үндсэн дээрх эрсдэлтэй болон эрсдэлд өртөж болзошгүй хүчин зүйлээс хамаарч хийж буй хяналт шалгалтыг хэлнэ. Энгийнээр тайлбарлавал бүх байгууллагад хяналт шалгалтыг нэг бүрчлэн хийхээс илүү тухайн байгууллага бүрий эрсдэлийг үнэлсний үндсэн дээр эрсдэлтэй байгууллагад илүү анхаарал хандуулах нь илүү үр дүнтэй байдаг байна.

  1. Мөнгө угаахтай тэмцэх ажлын хүрээнд төрийн болон хувийн хэвшлийн байгууллагууд хэрхэн хамтарч ажиллах ёстой вэ?

МУТСТ чиглэсэн үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд хамтын ажиллагаа хамгаас чухал байдаг. Үүнд зөвхөн төрийн байгууллага хоорондын хамтын ажиллагаанаас гадна төрийн байгууллага хувийн хэвшил, зохицуулалттай этгээд хоорондын хамтын ажиллагаа өндөр үүрэгтэй. Үүнд харилцан мэдээлэл солилцох, зохицуулалттай байгууллагын зүгээс авч хэрэгжүүлж буй урьдчилан сэргийлэх арга хэмжээнд идэвхтэй оролцох, Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулиар хүлээсэн мэдээлэх үүргээ биелүүлэх зэргээс гадна мөн өөрийн байгууллагаа эрсдэлээс хамгаалахын тулд шаардлагатай үйл ажиллагааг хэрэгжүүлэх, энэ ажилд нь төрийн байгууллагын зүгээс дэмжлэг үзүүлэх зэргийг дурдаж болно.

  1. Урьдчилан сэргийлэх хүрээнд Санхүүгийн зохицуулах хорооноос ямар ажил хийж хэрэгжүүлж байгаа вэ?

МУТСТ үйл ажиллагаанд энэ гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд чиглэсэн арга хэмжээ томоохон байр суурь эзлэх төдийгүй МУТСТ үйл ажиллагааны гол үндэс болдог. Санхүүгийн зохицуулах хороо ч мөн адил МУТСТ урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд зохицуулалттай этгээдүүдэд чиглэсэн олон талт арга хэмжээг хүргэж болон бүх сувгийг ашиглан авч байна. Тухайлбал, гарын авлага, брошур, тараах материал гаргах, подкаст, видео хичээл, шторк хийх, Санхүүгийн зохицуулах хорооны цахим хуудас, amlcft.mn болон бусад цахим хуудсаар мэдээ, мэдээллийг тухай бүр түгээж байна. Мөн танхимын болон цахим сургалтыг тогтмол явуулах, хэлэлцүүлэг форум зохион байгуулахаас гадна олон нийтийн сүлжээгээр энэ төрлийг гэмт хэргээс сэргийлэх урьдчилан сэргийлэх арга хэмжээг явуулдаг байна.

  1. Урьдчилан сэргийлэх хүрээнд хувийн хэвшлийн байгууллагуудтай хэрхэн хамтарч ажилладаг вэ?

Санхүүгийн зохицуулах хороо нь урьдчилан сэргийлэх хүрээнд хувийн хэвшлийн байгууллагад МУТС ямар эрсдэлд орж болох, хэрхэн сэргийлэх, хууль тогтоомжоор хүлээж буй үүргээ ухамсарлан биелүүлэх, хуулийн дагуу ямар арга хэмжээ авахыг таниулдаг бол хувийн хэвшлийн байгууллагад Санхүүгийн зохицуулах хороонд МУТСТ чиглэлийн холбогдох мэдээ тайланг тогтоосон хугацаанд үнэн зөв ирүүлэх, эдгээр мэдээллийг үндэслэн тохирох зөвлөмж мэдээллийг хүргүүлэх авах арга хэмжээ, цаашдын бодлого тодорхойлох замаар тасралтгүй хамтран ажилладаг байна.

  1. Мэдээлэх үүрэгтэй этгээдүүдэд хяналтыг хэрхэн тавьдаг вэ?

Санхүүгийн зохицуулах хороо нь хуулийн олгосон эрх хэмжээний дагуу өөрийн зохицуулалттай мэдээлэл үүрэгтэй этгээдэд хяналт тавьдаг байна. Үүнд Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хууль, Зөрчлийн тухай хууль болон бусад салбарын тухайлсан хууль тогтоомж, тэдгээрийг даган гарсан журам, зааврын дагуу хяналт тавьдаг байна. МУТСТ хууль тогтоомжийг зөрчих, МУТС гэмт хэрэгт оролцох, үйлдэх, нуун дарагдуулах нь өндөр хариуцлага хүлээхээр хууль тогтоомжид заасан байдаг тул үйлдсэн алдаа дутагдал, зөрчил, гэмт үйлдлээс хамаарч мөнгөн торгууль ногдуулах, тусгай зөвшөөрөлтэй үйл ажиллагааг түдгэлзүүлэх, хүчингүй болгох, цаашлаад ял шийтгэл ногдуулахаар заасан байдаг.

Ард иргэдэд

  1. Иргэд МУТС гэмт хэрэгт өртөх эрсдэл хэр байдаг вэ?

Иргэдийн мөнгө угаах гэмт хэрэгт өртөх эрсдэлийг тодорхойлон гаргасан үзүүлэлт байдаггүй ч ерөнхийдөө эрсдэл өндөртэй гэж үзэж болно. Богино хугацаанд их мөнгөтэй болох гэсэн эсвэл мөнгөө өсгөх үүднээс сайтар нягтлахгүйгээр санхүүгийн харилцаанд орж хөрөнгө оруулалт хийснээс залилан мэхлэх гэмт хэргийн хохирогч болсон иргэдийн тоо сүүлийн үед эрс нэмэгдсэн.

Залилан мэхлэгч этгээд нь гэмт хэргийн замаар олсон орлогоо санхүүгийн системд нэвтрүүлэхдээ иргэдийн дансыг ашиглан тэдэнд шагнал амлах, ор үндэслэлгүй зүйлд иргэдийг итгүүлж хөрөнгө оруулалт нэрийдлээр тэдний хөрөнгө мөнгийг гаргуулан авах зэрэг байдлаар мөнгө угаах гэмт хэрэг үйлдэж болно. Түүнчлэн иргэд өөрийн дансны дугаар, нууц үг, хувийн мэдээлэл зэргийг нууцлан цахим мэдээллийн аюулгүй байдлыг хангаж байх шаардлагатай.

  1. Иргэд МУТС гэмт хэрэгт өртөхгүйн тулд анхаарах зүйл юу вэ?

Иргэд өөрийн дансыг бусдад ашиглуулахгүй байх, ямарваа нэг хөрөнгө оруулалт хийхдээ бусдын нөлөө, ятгалгад авталгүй байж судалгаа, шинжилгээ хийх, гар утас, тэмдэглэлийн дэвтэр, компьютер зэрэг хэрэгсэл дээр хувийн мэдээллээ хадгалахгүй байх шаардлагатай.

  1. Иргэд МУТСТ-тэй холбоотой үүрэг, хариуцлага хүлээх үү?

Иргэд өөрийн мэдээллийн аюулгүй байдлыг хадгалах, хамгаалах, мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэх гэмт хэрэг үйлдэгчдэд санаатай болон санамсаргүй байдлаар туслахгүй байх, уг гэмт хэрэг үйлдэгдэж байж болзошгүй талаар олж мэдсэн бол холбогдох байгууллагуудад мэдээлэх нь тэдний үүрэг юм.

  1. Иргэд МУТСТ гэмт хэргийн талаар олж мэдсэн бол хамгийн түрүүнд хаана мэдэгдэх ёстой вэ?

Иргэд МУТСТ гэмт хэрэг үйлдэгдэж байж болзошгүй талаар мэдсэн бол хууль хяналтын байгууллага, Монголбанкны дэргэдэх Санхүүгийн мэдээллийн алба, Санхүүгийн зохицуулах хороонд мэдэгдэх үүрэгтэй.

  1. Мөнгө угаах гэмт хэрэгт өртөж болзошгүй тохиолдол учирвал хамгийн түрүүнд ямар арга хэмжээ авах ёстой вэ?

Тухайн гүйлгээ, үйлдлийг хийхээс татгалзаж дээр дурдсан байгууллагуудад нэн даруй мэдээлэх хэрэгтэй.

  1. Иргэд ямар эх үүсвэрээс тогтмол МУТСТ мэдээлэл авах боломжтой вэ?

МУТСТ талаарх цаг үеийн мэдээллийг тогтмол Санхүүгийн зохицуулах хорооны цахим хуудас /www.frc.mn/ болон фэйсбүүк хаяг /Санхүүгийн зохицуулах хороо, FRC / Anti-money laundering and combating the terrorism funding/-наас авах боломжтойгоос гадна цахим хуудасны “Мөнгө угаахтай тэмцэх” цэснээс МУТСТ хууль тогтоомж, гарын авлага, заавар зөвлөмжийн талаар дэлгэрэнгүй олж үзэх боломжтой.

Түүнчлэн Монгол Улсын мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай мэдээллийн нэгдсэн систем /www.amlcft.mn/-ээс бүх төрийн болон хууль хяналтын байгууллагаас энэ чиглэлд гаргаж буй мэдээ, мэдээлэлтэй танилцаж болно.

                                                     Санхүүгийн зохицуулах хороо