ENG

Цаг үеийн мэдээлэл

САНХҮҮГИЙН ХОРИГ АРГА ХЭМЖЭЭ АВАХ БАЙГУУЛЛАГЫН (ФАТФ) ЭЭЛЖИТ ХУРАЛДААНЫ ШИЙДВЭРИЙН ТУХАЙ

ФАТФ-ын ээлжит хуралдаан 2021 оны 2 дугаар сарын 22-25-ны өдрүүдэд цахимаар зохион байгуулагдлаа. Уг хуралдааны үеэр улс орнууд эрсдэлд суурилсан, үр дүнтэй хяналт шалгалтын арга хэмжээ хэрэгжүүлэх, терроризмыг санхүүжүүлэх гэмт хэргийг мөрдөн шалгах, ял оногдуулах, хууль бус зэвсгийн наймаа, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэхэд улс орнуудад дэмжлэг үзүүлж, заавар зөвлөмж боловсруулах тухай хэлэлцжээ. Түүнчлэн улс орнуудад, санхүүгийн байгууллагад, санхүүгийн бус бизнес, мэргэжлийн үйлчилгээ үзүүлэгч нарт зориулан үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэхийг санхүүжүүлэх эрсдэлийг тодохойлох, үнэлэх, бууруулах ажлын чиглэлээр заавар боловсруулан төслийг хүргүүлэх, виртуал хөрөнгийн тухай зааврыг шинэчлэн хүргүүлэх шийдвэр гаргасан байна.

Тодруулбал:

- ФАТФ-аас эрсдэлд суурилсан, үр дүнтэй хяналт шалгалт хийх тухай заавар баталсан ба эрсдэлд суурилсан хяналт шалгалтын аргыг хэрэгжүүлснээр бага болон өндөр эрсдэлтэй бүхий л хүрээг хамрах ч өндөр эрсдэлтэй салбарт түлхүү анхаарч ажиллах юм. Дүрэмд суурилсан хяналт шалгалтаас эрсдэлд суурилсан арга руу шилжихэд цаг хугацаа их орж, зарим сорилттой тулгарч байгаа нь хамтарсан үнэлгээний үр дүнгээс харагдаж байна. Хянан шалгагч нар өөрсдийн харьяа зохицуулалтын салбарт тулгарч буй эрсдэлийн талаар гүн ойлголттой, чадавхтай, эрх мэдэлтэй, улс төрийн болон тогтолцооны дэмжлэгтэй байх шаардлагатай бөгөөд өөрийн харьяа зохицуулалтын салбаруудад тулгарч буй эрсдэлийг нь бууруулахад дэмжлэг үзүүлэх зэргээр мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэхэд чухал үүрэгтэй оролцдог тухай онцолжээ. ФАТФ-аас гаргаж буй эрсдэлд суурилсан хяналт шалгалтын заавар нь улс орнуудад нийтлэг тулгарч буй бэрхшээлийг шийдвэрлэхийг зорьсон бөгөөд 2021 оны 3 дугаар сард танилцуулагдана.

- ФАТФ-аас Виртуал хөрөнгө, виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчдэд зориулсан зааврыг 2019 онд боловсруулсан ба үүнтэй холбоотойгоор ФАТФ-ын стандартад виртуал хөрөнгөтэй холбоотой заалтуудыг оруулсан. Уг зааврыг дахин шинэчлэн төслийг 2021 оны 3 дугаар сард улс орнуудад хүргүүлэн 6 дугаар сард батлах шийдвэрийг тус хуралдаанаар тохиролцжээ. ФАТФ-ын зөвлөмжид виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгч нь зохицуулалтад орж, бүртгүүлэн, зөвшөөрөл авах, хяналт шалгалтын тогтолцоонд орсон байх тухай заасан байна. Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчдийн тухай ФАТФ-ын стандартын хэрэгжилтийн “12 сарын тойм”-д төрийн болон хувийн хэвшлүүд шаардлагатай арга хэмжээг хэрэгжүүлж ахиц гаргасан гэж үзсэн ч зарим чадавх буурай улс орнуудад заавар зөвлөмж зайлшгүй шаардлагатай байгааг тусгажээ.

- 2020 оны 10 дугаар сард ФАТФ-аас олон улсын энх тайван, аюулгүй байдалд ноцтой аюул учруулж буй үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэхийг санхүүжүүлэхээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг бэхжүүлж, эрсдэлийг үнэлэх, бууруулахад чиглэсэн зааврыг боловсруулсан. Энэ удаагийн хуралдаанаар уг зааврыг дахин шинэчлэн хүргүүлэх шийдвэр гаргасан бөгөөд зэвсэг дэлгэрүүлэхийг санхүүжүүлэх эрсдэлийн үнэлгээг бэлтгэх, гарч болзошгүй зөрчил, зэвсэг дэлгэрүүлэхтэй холбоотой хориг арга хэмжээг хэрэгжүүлэхээс зайлсхийх зэрэгт эрсдэлийн индикаторыг тооцох, эрсдэл бууруулах тохиромжтой арга хэлбэр бий болгоход ихээхэн анхаарч байна. Уг зааврын төслийг 2021 оны 3 дугаар сард гарган хэлэлцүүлж 6 дугаар сард батлахаар зөвшилцжээ.

- ФАТФ-аас улс орнуудыг терроризмыг санхүүжүүлэх гэмт хэргийн эсрэг үр дүнтэй арга хэмжээ авахад дэмжлэг үзүүлэх зорилгоор сайн практик, туршлагыг багтаасан “Терроризмыг санхүүжүүлэх гэмт хэргийг мөрдөн шалгах, ял оногдуулах тухай” зааврыг боловсруулсан бөгөөд уг зааварт терроризмыг санхүүжүүлэх гэмт хэргийн нийтлэг хэлбэрүүдийг мөрдөн шалгах, нотлох, хөрөнгө хураах зэрэг асуудлуудыг тусгасан байна. Түүнчлэн 2020 оны 6 дугаар сард ФАТФ-аас хууль бус зэвсгийн наймаа нь терроризмыг санхүүжүүлэхэд хэрхэн холбогдож буйг судлах нэн тэргүүний зорилт тавьж, энэ чиглэлээр улс орнуудын ойлголт, мэдлэгийг нэмэгдүүлэх, үр дүнтэй шуурхай арга хэмжээ авахад нь дэмжлэг үзүүлэх зорилгоор холбогдох тайланг бэлтгэсэн ба эдгээр баримт бичгийн тухай дэлгэрэнгүй мэдээллийг эрх бүхий байгууллагууд үндэсний холбогчоор дамжуулан ФАТФ-д хандаж авах боломжтой гэжээ.

Түүнчлэн, МУТСТ арга хэмжээний үр дүнтэй байдлыг хангахад анхаарч, МУТСТ чиг үүрэгтэй байгууллагуудыг дижитал шилжилт хийх ажлыг эхлүүлэх тухай зөвшилцжээ. Мөн дараагийн хамтарсан үнэлгээ боловсруулах, үүнийг илүү эрсдэлд суурилсан, цаг үетэйгээ нийцсэн болгоход төвлөрч ажиллах тухай хэлэлцлээ. Төлөөлөгчид эцсийн өмчлөгчийн талаарх ФАТФ-ын шаардлагыг сайжруулах боломжийг судалж, эцсийн өмчлөгчийн ил тод байдлыг сайжруулах тухай болон гэмт хэрэгтнүүдийн хөрөнгийг хураах, байгаль орчны гэмт хэргээс үүдэлтэй мөнгө угаах, арьс өнгө, яс үндсээр ялгаварлан гадуурхах үзлээс сэдэлтэй терроризмыг санхүүжүүлэхийг таслан зогсооход чиглэсэн ажил, арга хэмжээний талаар хэлэлцсэн байна.